Тив, дэлхийд алдартай циркийн жүжигчид манай улсад 10 дахь жилдээ айлчлан иржээ. Тэд “Дэлхийн цирк Монголд” эртэй ээлжит тоглолтоо хүргэхэд бэлэн болсон байна. “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллагынхан 2013 оноос тив, дэлхийн шилдэг уран бүтээлчдийг урьж, эл тоглолтыг тогтмол зохион байгуулж буй аж. Тоглолт энэ сарын 30-наас эхлэх бөгөөд гурван долоо хоногийн хугацаанд бямба, ням гараг бүр “Степпе арена” мөсөн ордонд үзэгчдийг хүлээн авах нь. “Дэлхийн цирк Монголд” тоглолтод долоон төрлийн үзүүлбэр багтаасан бөгөөд олон улсын 90, Монголын 30 гаруй уран бүтээлч оролцох аж. Үүний хүрээнд Монголд анх удаа хос манеж засаж байгаа гэнэ. Узбекистаны Ташкент хотын Улсын циркийн дөрвөн бар, хоёр арслан, амьтан сургагч, найруулагч нь уг тоглолтод оролцохоор иржээ. Мөн Казахстаны Астана хотоос ховор үүлдрийн найман пудель нохой авчирсан гэнэ.