Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейнхэн “Бяцхан археологич” боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хүүхэд багачуудыг оролцуулдаг эл хөтөлбөр нь археологич мэргэжлийн онцлог, ач холбогдлыг таниулан сурталчлах зорилготой аж. Тухайлбал, археологид ямар ажил хийдэг, тэдний илрүүлсэн олдворууд хэрхэн музейн үзмэр болдог талаарх мэдлэгийг хүүхдүүдэд олгодог. Боловсролын хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд археологичийн дүрд “хувирч”, музейн ажилтны тусламжтайгаар эх орныхоо түүх, соёлоор “аялах”- ын зэрэгцээ тэдгээрийг танин мэдэж, судалдаг. Хүүхэд багачууд эл хөтөлбөрт анги, хамт олноороо хамрагдах боломжтой юм билээ. Үүний тулд Дүрслэх урлагийн музейнхнээс урьдчилан цаг авах ёстой.