Прагийн амьтны хүрээлэнд маргааш нэгэн онцгой үйл явдал болох нь. Тус хүрээлэнгийнхэн 93 дахь улирлын албан ёсны хөтөлбөрөө “Монголын говь” сэдэвт үзэсгэлэнгээр нээхээр төлөвлөжээ. Энэ арга хэмжээний гол зочид нь манай оронд нутагладаг ховор, сонин зэрлэг амьтад байх гэнэ.
93 дахь улирлын үйл ажиллагаа 11.00 цагт тус хүрээлэнгийн Боловсролын төвд эхлэх бол “Монголын говь”-ийг 13.00 цагт нээхээр зэхжээ. Уг үйл ажиллагаанд бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел, ОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар оролцох аж.
Прагийн амьтны хүрээлэн нь улсдаа нэг, Европт дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг. Манай улс эл байгууллагатай тахь нутагшуулах чиглэлээр олон жил хамтран ажиллаж буй билээ. Монгол орны байгаль, ан амьтдыг сурталчлан таниулах зорилготой үзэсгэлэнг тус орны иргэд төдийгүй тэнд ажиллаж амьдардаг монголчууд, дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн жуулчид үзэж сонирхох боломжтой юм байна. Чехэд суралцагч монгол оюутны холбооныхон гэхэд тэнд 24-нд очихоор төлөвлөжээ.
Бүгд Найрамдах Чех Улсаас Монголд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил “Энэхүү үзэсгэлэнг зорин ирснээр Пржевальскийн адуу буюу тахь үзэх боломжтой. Тэднийг хамгаалах, аврах, Монголд нутагшуулах хөтөлбөрийг Прагийн амьтны хүрээлэн хамтран хэрэгжүүлдэг. Мөн мануул зэрэг сүүн тэжээлтэн, мөлхөгч амьтан таныг хүлээж байна. Чехэд хүмүүсийн хамгийн их очдог газруудын нэг нь Прагийн амьтны хүрээлэн. Энэ хүрээлэнд өнгөрсөн жил 1 358 292 хүн зочилсон. Ийнхүү гадаадын олон жуулчин Монголтой танилцах боломж бүрдлээ” гэв.