ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр монгол хүн сансарт ниссэний 43 жилийн түүхэн ой жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр тохиодог.
Тодорхой хэлбэл, 1981 оны гуравдугаар сарын 22-ны 14 цаг 58 минутад сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-ны 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй. Нисэх багийнхан сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, энэ хугацаандаа дэлхийг 124 удаа тойрчээ.
Ж.Гүррагчаа 1947 оны арванхоёрдугар сарын 5-нд Булган аймгийн, Гурванбулаг сумд төржээ. Тэрбээр Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч юм. Ж.Гүррагчаа нь 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нислэгийн дамжаа, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ. Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамт бэлтгэгдэж эхэлсэн байдаг. Улмаар Ж.Гүррагчааг сонгож сансарт нисгэхээр шийдсэн юм. 1978 онд Ж.Гүррагчаа нь ардын армийн ахмад цолтой байсан бөгөөд түүнийг сансарт ниссэний дараа БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч цолоор шагнаж байв. Мөн сансрын нисгэгч В.А Жанибековт БНМАУ-ын баатар цол хүртээсэн юм.
Хүн төрөлхтөн 1961 онд анх сансарт ниссэн бол харин түүнээс яг 20 жилийн дараа буюу 1981 онд Монгол хүн анх удаа сансарт ниссэн юм.