Манай улс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу газар, ой, ан амьтан, ургамал, усны нөөцөөс жил бүр тодорхой хэмжээний орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн онд эдгээрээс улсын төсөвт 253.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь 2021 оны үзүүлэлтээс 104, 2022 оныхоос 30 орчим тэрбум төгрөгөөр өссөн дүн аж. Үүний дийлэнх буюу 230 орчим тэрбумыг нь газар болон усны нөөц ашигласны төлбөрийн орлогоос бүрдүүлжээ.
Газрын төлбөрөөс төвлөрүүлсэн орлого өмнөх жилийнхээс 13.9 тэрбумаар өссөн бол усны нөөцийнх 34 тэрбумаар нэмэгдсэн аж. Харин ойн нөөцийнх 50, ан амьтных 60 орчим хувиар “доошилсон” байна. Байгалийн ургамал ашигласны орлого 90 хувиар буурч, 359.6 саяд хүрсэн нь хамгийн доод үзүүлэлт болжээ.
Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс төвлөрүүлэх орлогын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн ч хүрээлэн буй орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгө хангалтгүй байгааг салбарын судлаач, мэргэжилтнүүд хэллээ. 2016-2021 онд төвлөрүүлсэн 191.7 төгрөгийн 120 орчим тэрбумыг нь зориулалт бусаар буюу байгаль хамгаалах, нөхөн сэргээхээс бусад үйл ажиллагаанд зарцуулсан нь холбогдох байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрч байжээ.