Улсын драмын эрдмийн театр (УДЭТ)-ын уран бүтээлчдийн төлөөлөл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт шаардлага хүргүүлж буйгаа өчигдөр мэдээлэв. Тэд шаардлагадаа хэд хэдэн зүйлийг онцолсон байна. Юуны өмнө УДЭТ-ын зогсоолыг шийдэхийг хүсжээ. Тус театрын урд талын авто зогсоолыг өнгөрсөн оны тавдугаар сарын 25-нд хааж, тохижуулах шийдвэрийг тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргаж байв. Гэтэл тохижилтын гэх ажил нь зураг төслөөсөө тэс өөр, нүглийн нүдийг гурилаар хуурсан шинжтэй, стандарт, өнгө үзэмжгүй хэмээн олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Улмаар уг ажлыг түр зогсоон, анхны зураг төсөлд бага зэргийн өөрчлөлт оруулж, төсвийг нь ч 200 гаруй сая төгрөгөөр хассан гэнэ. Ингээд тохижуулсан нэрээр сандал, цэцгийн мандал төдийхнийг барьж, театрынханд хүлээлгэн өгсөн аж. 700 сая төгрөгөөр иймхэн зүйл хийсэн нь хангалтгүй гэдгийг уран бүтээлчид хэллээ. Тиймээс театрын өмнөх талбайг буцаан авто зогсоол болгохыг шаардсан юм.
Түүнчлэн театрын хойно нь “Соёмбот өргөө” гэх нэртэй өндөр барилга барьснаас уран бүтээлчид ажлаа явуулахад маш хүндрэлтэй болсныг дурдлаа. Учир нь эл барилгаруу орох хүмүүсийн дамжин өнгөрөх гарц нь театрын арын хаалга болчихсон гэв. Тус театрын жүжигчин О.Гэрэлсүх “Театр маань айлын орц, гарц болчхоод байна. Арын хаалгаар манай ажилтнууд биш, ард талын том барилгын хүмүүс орж, гарах болсон. Театрын газраас хумсалсаар байгаад бид орц, гарц, авто зогсоол ч үгүй болчихлоо” гэлээ. Тиймээс театрын орц, гарцыг шийдэхийг шаардлагадаа тусгасан байна.
Мөн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн онд театрын уран бүтээлчидтэй уулзаж, “Irish” рестораны урд хэсэгт авто зогсоол гаргаж өгнө гэж амласан гэнэ. Гэтэл тэр газарт зогсоол байгуулаагүй, харин тэрбум орчим төгрөгөөр хувийн хэвшилд зарсан гэх мэдээлэл авснаа УДЭТ-ын Үйлдвэрчний хорооны дарга, жүжигчин О.Амгаланбаатар хэллээ. Өдгөө уг газрыг хашаалчихсан учраас уран бүтээлчид машинаа тавих зогсоолгүй болсон аж. “УДЭТ-ын байранд урлагийн гурван томоохон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрт 500 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Бидэн дээр нэмээд 500 үзэгч ирвэл яах вэ, машинаа хаана байрлуулах вэ гэдэг асуудал байнга тулгарч буй” гэж О.Амгаланбаатар хэлсэн юм. Түүнчлэн УДЭТ их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит байгууллагын хувьд хөшөөг нь үүдэндээ залах хүсэлтэйгээ шаардлагадаа тусгажээ.
Бэлтгэсэн М.Оч