Манай улс 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсон билээ. Уг хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дэргэд Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулсан юм. Тус хороо өнгөрсөн хугацаанд 130 орчим гомдол хүлээн авч, дөрвөн дүгнэлт гаргажээ. Тэдгээр дүгнэлтийн дагуу ХЭҮК-ын гишүүний 17 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн, хэрхэн хэрэгжүүлж буйг нь өдгөө хянаж байгаа аж. Түүнчлэн хүний эрх хамгаалагч субъектүүд эрх, үүрэг, хуулийнхаа талаар хангалттай хэмжээний мэдлэг ойлголттой болсон, эсэхийг тодорхойлох судалгаа хийсэн талаараа ХЭҮК-ын гишүүн, Хүний эрх хамгаалагчийн хорооны дарга С.Дондов өчигдөр танилцууллаа.
ХЭҮК, “Төв тусгал” төрийн бус байгууллагынхан хамтран 2022-2023 онд хийсэн дээрх судалгаанд 20 аймаг, зургаан дүүргээс хүний эрх хамгаалагчдын төлөөлөл болсон 2064 оролцогчийг хамруулсан аж. Тухайлбал, хуульч, өмгөөлөгч, сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагынхан, байгаль орчны бохирдол, хууль бус уул уурхай, бэлчээрийн доройтлын эсрэг тэмцэж буй малчид, үйлдвэрчний эвлэлийн ажилтан, идэвхтэн, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын алба хаагчдыг оролцуулжээ. Судалгаанд оролцогчдын 42.54 хувь нь хүний эрх хамгаалах чиглэлээр тав хүртэлх жил ажилласан туршлагатай гэнэ. Тэдний 62.79 хувь нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсныг мэдсэн, үлдсэн хэсэг нь мэдээгүй гэжээ. Мөн оролцогчдын 92.1 хувь нь өөрсдийгөө хүний эрх хамгаалагч гэж үзсэн байна. Судалгаанд оролцогчдын 48.19 хувь нь төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтан хууль ёсны эрхэд нь нөлөөлж, халддаг гэсэн нь анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай асуудал гэдгийг С.Дондов онцолсон юм. Тухайлбал, хүний эрх хамгаалагчид төрийн бодлого болон бизнесийн үйл ажиллагааны талаар үзэл бодлоо илэрхийлснээр дарамт шахалтад өртөх, эрүүгийн болон зөрчлийн хэрэгт холбогдон шалгуулах тохиолдол ч гарч байгааг тэрбээр дурдав.
“Хүний эрх хамгаалагчид аливаа асуудлыг шударгаар шүүмжлээд, түүний шалтгаан нөхцөлийг тодруулахаар явах үед төрийн байгууллагын хүнд суртал их байна. Бас асуудал тавьсан хүмүүсийг ялгаварлан гадуурхах, үл ойшоох тохиолдол цөөнгүй байгааг судалгааны үр дүнд олж харлаа. Уул уурхай, байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид заналхийлэл, дарамт шахалтад өртсөн нь ч бий. Жишээ нь, уул уурхайн чиглэлээр ажиллаж буй хүний эрх хамгаалагчдын 45 хувь нь судалгааны асуултад “Бидний эрх ихээр зөрчигдөж байна” гэсэн хариулт өгсөн. Тиймээс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах төрийн үүргийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ. Үүний тулд төрийн байгууллагууд дотоод журамдаа хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг дэмжих заалт тусгах шаардлагатай. Хуулийн бусад этгээд ч ийм заалтыг дотоод журамдаа оруулах нь чухал. Цаашид хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг үл хүндэтгэсэн, үл ойшоосон байдлыг өөрчлөх нь зүйтэй. Эл зорилгодоо хүрэхийн тулд тэдний үйл ажиллагааны талаар илүү өргөн ойлголт, мэдээллийг олон нийтэд түгээх шаардлагатай гэж үзлээ. Бид судалгаагаа энэ онд ч үргэлжлүүлж байна. Хүний эрх хамгаалагчийн бүрэлдэхүүнд багтдаг субъект болох сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, байгаль орчны хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийнхнийг үүнд хамруулж буй. Хүний эрх хамгаалагчдад тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг уг судалгааны үр дүнд тодруулах зорилготой” гэж Хүний эрх хамгаалагчийн хорооны дарга С.Дондов хэллээ.
Бэлтгэсэн М.Оч