Монгол Улс дахь хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудад дараах тогтолцооны шинжтэй хүндрэл, бэрхшээлтэй асуудал нийтлэг тулгардаг гэдгийн ХЭҮК-оос тодотгов.
Тухайлбал, уул уурхай, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүний эрх хамгаалагчдын хувьд дарамт, шахалтад өртөх эрсдэл өндөр байна. Тэр дундаа уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа, судалгаанд оролцогчдын 16.7 хувь нь маш их эрсдэлтэй, 50 хувь нь их эрсдэлтэй гэж үзжээ. Харин байгаль орчны чиглэлээр ажиллаж буй хүний эрх хамгаалагчдын 25.2 хувь нь маш их, 19.8 хувь нь их магадлалтай гэж хариулжээ.
Судалгаанд оролцогчдын 7.9 хувь нь маш их, 14.3 хувь нь их, 37.3 хувь нь дунд зэрэг, 24.8 хувь нь бага зэрэг дарамт шахалт, заналхийлэл ирэх магадлалтай гэж үзсэн байна.
Түүнчлэн иргэний нийгмийн хүний эрх хамгаалагчийн эрхэд халдаж буй өргөн тархсан хэлбэр нь нэр төр, алдар хүндэд халдах, цахим орчинд гутаан доромжлох явдал юм. Энэ нь хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ташаа байдлаар ойлгуулахад хамгийн их нөлөөлөх хүчин зүйл болж байна.
Үүнд нэг талаас төрийн зүгээс, нөгөө талаас уул уурхайн компаниуд нөлөөлөл үзүүлж байна.
Ялангуяа байгаль хамгаалах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх явцад экологийн цагдаа болон байгаль хамгаалагч нар дарамт, шахалтад өртөх явдал гардаг байна. Мөн хүний эрх хамгаалагчдад тулгарч буй аюул, эрсдэлд байгаль орчны хүний эрх хамгаалагчид болон эмэгтэй хүний эрх хамгаалагчдад илүү их тохиолдож байна.
Тиймээс хүний эрх хамгаалагчийн аюул эрсдэлийн механизмыг сайжруулах, ялангуяа байгаль орчны хүний эрх хамгаалагчдад тулгамдаж буй өс хонзогнолын сэдэлтэй хүний эрхийн зөрчлүүдийг илрүүлэх, арилгах чиглэлээр бодлого, зохицуулалт бий болгох, мөн нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг хэвлэлийн хурлын үеэр цохон тэмдэглэлээ.