БОАЖЯ-наас байгаль орчныг хамгаалах, ойжуулах, нөхөн сэргээх ажлыг дэмжих зорилтын хүрээнд хашаандаа мод, сөөг тарьдаг гэр хорооллын 50 өрхөд урамшуулал болгож хүлэмж, ургамлын үр зэргийг олгохоор шийдвэрлэснээ өнгөрсөн сард олон нийтэд мэдээлж байв. Тэгвэл энэхүү хөтөлбөрт хамрагдахаар төсөл бичиж илгээсэн, хашаагаа “ногооруулах” хүсэлтэй айлуудад мод үржүүлэх зориулалтаар ашиглах боломжтой хүлэмжийг өчигдөр гардуулан өглөө. БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар энэ үеэр “Өмнө нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд л мод үржүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байсан бол одооноос гэр хорооллын айл өрхүүд ч энэ чиглэлээр бизнес эрхлэх боломж бүрдлээ.
Идэвх санаачилгатайгаар мод тарьдаг иргэн, аж ахуйн нэгжийг бид дэмжиж ажиллана. Төс өлд шалгарч, хүлэмжтэй болсон айлууд бол энэ ажлын эхлэл, загвар юм. Эдгээр өрх 30 ам метрийн хэмжээтэй хүлэмждээ нэг дор 50 мянган үрслэгээг үрслүүлэх боломжтой” гэв. Тус яам ирэх сард мод арилжааны цахим биржийг ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг тэрбээр онцоллоо. “Мод үржүүлэгч” төсөлд шалгарсан айлуудад мэргэжлийн хүмүүс хүлэмжийг нь барьж өгөх аж. Түүнчлэн хүлэмжийн аж ахуй хэрхэн эрхлэх арга туршлагаас хуваалцаж, хөрс сийрэгжүүлэгч усалгааны системийг хашаанд нь суурилуулан, модны үрээр хангах юм байна.