Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) энэ сарын 23-нд тохиох Дэлхийн цаг уурын өдрийг “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны тэргүүн шугамд” сэдвийн хүрээнд тэмдэглэхээр болсныг зарлаж, цаг агаар, уур амьсгалтай холбоотой олон үзүүлэлт 2023 онд дээд амжилт тогтоосныг нийтэд мэдээллээ.
Өнгөрөгч он дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан 10 жилийн нэг болсон бөгөөд агаарын температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн суурь үзүүлэлтийг 1.45 градусаар давсан. Тэгвэл нийт далай тэнгисийн 90 хувь нь хэт халах үзэгдэлд өртөж, тэдгээрийн гуравны нэгийнх нь шинж байдал, тогтоц ямар нэг хэмжээгээр өөрчлөгдсөн гэнэ. Европ, Хойд Америкт хэт халсны улмаас жижиг мөсөн голууд түүхэнд байгаагүйгээр эрчимтэй хайлж, устах аюулд ойртсон байна. Антарктидын мөсний хэмжээ мөн л түүхэнд байгаагүй түвшинд багасжээ. 2022 оны үзүүлэлтээс нэг сая ам км талбайгаар хумигдсан аж. Энэ нь Герман, Франц улсын нутаг дэвсгэрийг нийлүүлсэнтэй дүйхүйц хэмжээ юм байна.
Цаг уурын эрс тэс нөхцөл дэлхий нийтийн хүнсний хангамж, аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж байгааг судлаачид онцоллоо. Өнгөрсөн онд хүнсний хомсдолд өртсөн хүний тоо цар тахлын өмнөх үеийнхээс хоёр дахин өсөж, 333 саяд хүрсэн аж. Харин нар, салхи, усны нөөцөд тулгуурласан сэргээгдэх эрчим хүчний нөөц өнгөрсөн жилд өмнөх оныхоосоо 50 орчим хувиар өсөж 510 гВт-д хүрсэн нь сүүлийн 20 жилийн түүхэн дээд үзүүлэлт болжээ. Гэвч байгаль, цаг уурын тогтворгүй, эрс тэс байдал уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж байгаа хүн төрөлхтний аливаа оролдлого, өөрчлөлт, хичээл зүтгэлийг бүдгэрүүлсээр буйг дурдлаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “2023 оны бүх үзүүлэлт дуу дохио хангинуулж байна. Тэдгээр нь зүгээр нэг тэмдэглэгдэх төдий биш, өнгөрсөн хугацааны рекордыг эвдсэн үзүүлэлт болсон” гэсэн бол Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Селеста Сауло “Бид хэзээ ч уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийн зорилтот түвшин болох 1.5 хэмд ингэтлээ ойртож байсангүй” хэмээжээ.
Ташрамд дурдахад, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн цаг уурын байгууллага уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэ кампанит ажлыг өнөөдрөөс эхлүүлэх бол үүнтэй зэрэгцээд улс орны төлөөлөгчид Копенхагенд энэ асуудлаар хуралдах нь.