Сүүлийн жилүүдэд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн өсвөр насны хүмүүсийн тоо өсөж байгааг нийгэм, эдийн засаг, гэр бүл, хувь хүний гээд олон хүчин зүйлтэй холбож тайлбарлаж болно. Нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд оногдуулсан ял шийтгэл нь үр дүнтэй байсан уу, эсхүл тухайн ял шийтгэлийг эдлэх эрх зүйн орчин, нөхцөл бодит амьдралд ямар байгаа нь бидний анхаарал хандуулах сэдвийн нэг юм. Энэхүү нийтлэлээр Өсвөр насны хүнд оногдуулж буй нийтэд тустай ажил хийлгэх ял, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ үр дүнд хүрэхгүй байгаагийн цаад шалтгаан нөхцөлийг тодруулж, судлаачийн хувьд тодорхой санал дэвшүүлэхийг зорилоо.
Нэг. Эрх зүйн зохицуулалт
Нийтэд тустай ажил хийлгэх ялын олон улсын эрх зүйн үндэслэл нь НҮБ-аас 1966 онд баталсан “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”, НҮБ-аас 1990 онд баталсан “Хорихоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрэм”, 1950 онд Европын зөвлөлөөс баталсан “Европын хүний эрхийн конвенц”, НҮБ-аас 1984 онд баталсан “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”, НҮБ-аас 1985 онд баталсан “Насанд хүрээгүй хүмүүсийн талаарх байцаан шийтгэх ажиллагаа явуулах наад захын жишиг дүрэм”, НҮБ-аас 1981 онд баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 155 дугаар конвенц” зэрэг олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд тодорхой хэм хэмжээ болж тусгагдсан байна.
Монгол Улс Эрүүгийн хуулиа 2015 онд шинэчлэн баталсан бөгөөд өмнө нь “Албадан ажил хийлгэх ял” гэж нэрлэж байсан ялын төрлийг “Нийтэд тустай ажил хийлгэх ял” гэж өөрчилж, хорихоос өөр төрлийн ялыг илүү чухалчлах болсон нь нэг талаас ялын бодлогод хүмүүнлэгийн чиг хандлага түгээмэл нэвтэрсэн, нөгөө талаас хүний эрхийн үнэт зүйлсийг эрүүгийн эрх зүйгээр хамгаалах шаардлага өссөнтэй холбоотой.
2015 оны Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх журам, баримтлах нийтлэг шаардлагыг тодорхойлж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын үзэл санаа, агуулгыг үндэсний хууль тогтоомжид баталгаажуулж хуульчилсан.
Хоёр. Нөхцөл байдлын тойм
Шүүхээс 2021 онд 269, 2022 оны III улирлын байдлаар 361, нийт 630 өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэснээс 17.5 хувь буюу 110-т нь хорих, 13.3 хувь буюу 84 хүнд зорчих эрх хязгаарлах, 9.7 хувь буюу 59-д нь нийтэд тустай ажил хийлгэх, 1.7 хувь буюу 11 хүнд торгох ял оноожээ. Мөн 8.1 хувь буюу 51 хүнд хорих ял оногдуулан хойшлуулж, 31.3 хувь буюу 197 хүнд ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, 0.8 хувь буюу 5 хүнд ял оноохгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ авчээ. Харин 11.4 хувь буюу 72-ыг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл ялыг өршөөн хэлтрүүлж, 5.4 хувь буюу 34 хүнийг ялаас чөлөөлсөн байна.
Улсын хэмжээнд 2022 онд шүүхээс 209 хүүхэд ял шийтгүүлсэн нь 2021 онтой харьцуулахад 84-өөр буюу 59.8 хувиар өссөн дүнтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын хамтарсан 2020 оны есдүгээр сарын 8-ны өдрийн А/138, А/191 дүгээр тушаалаар батлагдсан “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх журам”-ын дагуу Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2022 онд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан нийт 491 (аймаг 298, нийслэл 193) хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн байна.
Гэвч ХЭҮК-оос аймаг, нийслэлийн жилийн эцсийн тайлан мэдээнд дүн шинжилгээ хийхэд 13 аймаг тайландаа хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 89 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн тухай дурдсан боловч хэдэн хүүхдэд тусгайлсан сургалтын төлөвлөгөө гаргаж ажилласан нь тодорхойгүй, нийт тоо мэдээ, дүн шинжилгээ хийсэн тоо, мэдээнүүд зөрүүтэй гарч байна.
Шүүхээс хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдэд үйлчилгээ үзүүлэх асуудлыг Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны Ажлын алба зохион байгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, прокурор хэрэгжилтэд хяналт тавьдаг бол нийтэд тустай ажлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэгч дангаараа хариуцан гүйцэтгүүлдэг байна. Мөн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдүүдтэй ганц мэргэжилтэн ажилладаг нь ч хангалтгүй юм.
Шүүгч хууль зөрчсөн хүүхдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шийдвэрийг “зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай” хэмээн хэт ерөнхий байдлаар гаргасан нь тухайн хүүхдэд нэг, эсхүл хэдэн удаагийн ямар арга хэмжээ авснаар зан үйл засрах нь тодорхойгүй бөгөөд зан үйл нь засарсан эсэхэд хяналт тавих боломжгүй байна .
Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн дагуу гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулдаг. Үүнээс гадна нэмж Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж байна. Хууль зөрчсөн хүүхдэд оноосон нийтэд тустай ажил хийх ялыг хэрхэн эдлүүлэх талаар тусгайлан заасан журам байхгүй учир насанд хүрэгчидтэй хамт энэ ялыг эдэлж байна
Гурав. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний талаар
Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтад гэмт хэрэг үйлдэх үедээ 14 нас хүрсэн ба 18 нас хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болох тухай зохицуулсан. Шүүх 18 нас хүрэхийн өмнө анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ял шийтгэхгүй хүмүүжих боломжтой гэж үзвэл Эрүүгийн хуульд заасан хүмүүжлийн чанартай арга хэмжээг хэрэглэдэг.
Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр засан хүмүүжүүлэх зорилгоор шүүхээс хэрэглэж буй ялын бус төрийн албадлагын арга хэмжээ, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээний нэг төрөл юм.
Дөрөв. Нийтэд тустай ажил хийлгэх ялын зорилго, үндсэн шинж
Олон улсад нийтэд тустай ажил хийлгэх ялын зорилго, чиг үүргийн хувьд хүмүүнлэгийн шинжтэй нийгэмшүүлэх агуулга бүхий, дор дурдсан онцлог шинжийг өөртөө агуулдаг байна . Үүнд:
1. Хорихоос өөр төрлийн ялын тогтолцоонд хамгийн түгээмэл хэрэглэгдэхээр хуульчилсан ял бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг засан төлөвшүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн;
2. Энэ ялын нөхцөл, агуулга нь үндсэн ялын төрлөөр сонгох нөхцөлтэйгөөр хэрэглэх бөгөөд дотроо олон төрөл байхаар зохицуулсан;
3. Нийтэд тустай ажил хийлгэх ял нь тухайн ялтныг нийгэмд ач тустай, нийтийн ашиг сонирхолд нийцэхүйц ажил үүргийг цалин хөлсгүйгээр хөдөлмөрийн тодорхой нөхцөл, дэглэмийн дагуу ногдуулж эдлүүлэхэд чиглэсэн;
4. Уг ял нь нийгэм төдийгүй нийтийн ашиг сонирхолд нийцэхүйц үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд чиглэснээрээ харьцангуй үр дүнтэй байдаг;
5. Нийтэд тустай ажил хийлгэх ял нь зарим орнуудад үндсэн ялын чанартайгаар, орлуулах нөхцөлгүйгээр хуульчилсан байхад зарим улсад энэ нь онцгой тохиолдолд өөр ялаар орлуулан тооцох нөхцөлтэй байдаг;
6. Уг ялын төрлүүдэд иргэний болон төрийн бус байгууллагуудад хүмүүнлэгийн шинжтэй ажил үүрэг гүйцэтгэх, нийтийн зориулалтын үйлчилгээний болон нийгмийн ажил үүрэг гүйцэтгэх байгууллагуудад ажиллуулах, сургалтын болон мэргэжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцох, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газарт ажиллуулах, гал түймэртэй тэмцэх, нийтийг хамарсан гамшгийг арилгах үйлсэд оролцуулах, иргэний болон хүний эрхийн байгууллагатай ажил үүргийн гэрээ хийсний үндсэн дээр тодорхой даалгавар биелүүлж ажиллах, орон нутгийн өөрөө удирдах байгууллагад нийтэд тустай ажил үүрэг гүйцэтгэх гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулахад оролцох байдлаар хэрэгжүүлдэг;
7. Нийтэд тустай ажил хийлгэх ял нь хугацааны хувьд ихэнхдээ цагаар хэмжих нөхцөлөөр хуульчилсан ба тухайн ялыг эдлэх явцад хариуцлага болон үр дүнг тусгасан үнэлгээний тодорхой шалгуураар (кредит итгэлцүүрийн нөхцөл, стандарт) тодорхойлсон байдаг;
8. Энэхүү ялын хэрэглээг шүүхийн төдийгүй нийгмийн бодлогын хэмжээнд судалж, төрийн хүмүүнлэгийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлдэг байна.
Тав.Нийтэд тустай ажил хийлгэх ял, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ үр нөлөөгүй байгаа шалтгаан
2015 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалд дурдсан “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхэд түүний нас, хүйсэд тохирсон, эрүүл мэнд ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна” гэж заасан боловч тухайлбал, 15 настай эрэгтэй эсхүл эмэгтэй хүүхэд бие бялдар, оюун санааны хөгжлийн хувьд эсхүл тусгай хэрэгцээтэй буюу сонсголын бэрхшээлтэй мөн эрүүл мэндийн асуудалтай ямар төрлийн ажил хийвэл тохиромжтой болох талаар шинжлэх ухааны үндэслэл бүхий ажлын байрны стандартгүй байна.
Монгол улсын Эрүүгийн хуульд “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял” гэж тодорхойлон “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...... тогтооно” гэжээ.
Гэвч “...шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажил” гэдэгт юуг хамаарах нь тодорхойгүй
- ялын биелэлтийг хангахад төрийн бус байгууллагуудын оролцоо байхгүй
- өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэргийн шинжээс хамаарч нийтэд тустай ажлын төрлийг тодорхойлдоггүй /хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн бол Хүчирхийллийн эсрэг төвүүд, хамгаалах байр, ахмадын асрамжийн газар ажиллуулах гэх мэт/ нь дээрх ялын зорилго олон улсын хэм хэмжээнд тусгагдсанаар биелүүлж байгаа, эсэх нь эргэлзээтэй байна.
Дахин гэмт хэрэг үйлдээгүй гэдэг нь дээрх ялын хэрэгжилтийг тооцох шалгуурын зөвхөн нэг хэсэг бөгөөд тухайн хүүхдийг нийгэмшүүлэх зорилго биелсэн, эсэхийг олон шалгуураар авч үзэх шаардлагатай байна.
Зургаа. Санал
1. Өсвөр насны хүний бие бялдар, эрүүл мэнд, оюун санааны хөгжлийн хувьд ямар төрлийн ажил хийвэл тохиромжтой болох талаар шинжлэх ухааны үндэслэл бүхий ажлын байрны стандартыг бий болгох. Хуульд заасан “хүний хувийн байдлыг харгалзах” гэдэг шалгуурыг тодорхой болгож, олон улсын жишгийг нэвтрүүлэх.
2. Өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэргийн шинжээс хамаарч нийтэд тустай ажлын төрлийг тодорхойлох тухайлбал, хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн бол Хүчирхийллийн эсрэг төвүүд, Хүүхэд хамгаалах байр, ахмадын асрамжийн газар ажиллуулах буюу иргэний болон төрийн бус байгууллагуудад хүмүүнлэгийн шинжтэй ажил үүрэг гүйцэтгэх зэргээр тухайн ял эдлэх нөхцөлийг шүүхийн шийдвэрт тусгайлан заадаг болох. Ингэснээр хүн хоорондын харилцаа, тухайн орчны нөхцөл, бусдыг асрах бусдад туслах ажил нь “зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ”-ний бодит үр дүнг үзүүлэхээс гадна нийгэмших боломжийг бүрдүүлнэ.
3. Тухайн ялыг эдлэх явцад хариуцлага болон үр дүнг тусгасан үнэлгээний тодорхой шалгуурыг бий болгох. Тухайлбал, Өсвөр насны хүнд оногдуулж буй нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөө нь дараах шалгуурыг агуулж чадсан байгаа эсэхийг тодорхойлох. Үүнд:
- Өөрийн сэтгэлийн зовнилоо илэрхийлэх, ил гаргах, дургүйцлээ нийгэмд зөвөөр илэрхийлэх боломжийг бүрдүүлсэн, эсэх
- Биеийн энергиэ бүтээмжтэй зүйл зарцуулж, өөрийгөө илүү ойлгоход нь тусалж чадсан, эсэх
- Ял нь залхаан цээрлүүлэх биш сонирхолтой болон хөгжөөнт хэлбэрээр тухайн хүүхдийн сонирхлыг өдөөсөн агуулгатай байсан, эсэх
- Тэдэнд өөртөө итгэх итгэл, эрүүл өрсөлдөөний зарчмыг ойлгуулж чадсан эсэх
- Багийн ажиллагаа, шударга өрсөлдөөн, дүрэм журамд захирагдах талаар зааж сургасан, эсэх
- Шинэ сонирхол, ур чадварыг нээж өгөхөд чиглэсэн, эсэх
- Нийгмийн ерөнхий чиг хандлагыг ойлгоход тусалсан, эсэх
Судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа