Монгол Улс 2010 онд зудын гамшигт нэрвэгдсэнээс хойш мөсөн зудын нөхцөл байдал дахин ажиглагдаагүй. Тус жил 10.3 сая толгой мал хорогдсон нь улсын нийт малын 25 хувь, 769 мянган хүн өртсөн нь хүн амын 28 хувь юм. Улаан загалмайн мэдээлснээр 220 мянган малчин өрх гамшигт өртөж, 44 мянган өрх мал сүргээ бүхэлд нь, 164 мянган өрх талаас илүүг нь алджээ.
АНУ-ын Засгийн газар нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аар дамжуулан 2010 оноос хойш Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийг дэмжих зорилгоор 8 сая орчим ам.долларын санхүүжилт өгсөн. 2024 онд тус агентлаг нь Монголын улаан загалмайн нийгэмлэгт 200 мянган ам.доллар (ойролцоогоор 680 сая төгрөг) олгосон. Энэхүү санхүүжилтийг яаралтай тусламж хэрэгтэй буй малчин өрхүүдэд мөнгөн тусламж, өвс тэжээл, түлш шатахуун хэлбэрээр олгох юм. Байгалийн гамшгийн хүндрэл, давтамж нэмэгдэж, жилийн хохирлын зардал ойролцоогоор 50-70 тэрбум төгрөгт (14-20 сая ам.доллартой тэнцэх) хүрэх тооцоо гарсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд зургаан зуд болсон нь малчдын амьдрал ахуйд хүнд гарз хохирлыг үзүүлсэн төдийгүй улсын хэмжээнд тэжээл хангалтгүйн улмаас тэжээлийн үнэ нэмэгдсэн нь эмзэг байдлыг улам өдөөжээ.
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс “2015 оноос хойш уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл улам дордож, байгаль орчны засаглал муу байгаагаас зудын давтамж болоод хүч нэмэгдэж байна” хэмээн мэдээлсэн. Дээрх мэдээллүүд нь хөдөө орон нутаг дахь бэлчээрийн малчдын аж ахуйг шинэчлэх, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, түүнтэй холбоотой тогтвортой шийдэл яаралтай бөгөөд зайлшгүй хэрэгцээтэй байгааг бидэнд харуулж байна.
Зудаас урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний төлөвлөгөө, түүнд томилогдсон хүмүүнлэгийн тодорхойлсноор 150 500 хүнд яаралтайгаар, 33 400 хүнд тусламж шаардлагатай байгааг мэдээлэв. Зудыг даван гарахад шаардлагатай санхүүжилт нь 21.3 тэрбум төгрөг хэмээн тооцоолсноос одоогоор 5.8 тэрбум төгрөг цугларчээ. Туслалцааг эмзэг байдлын шалгуураар жагсаан амьжиргааны мөнгө олгох, хоол хүнс эм тариагаар хангах, тэжээл шатахуун тараах, иргэдийг орон байр болон яаралтай туслалцаа хэрэгтэй хүмүүсийг түр орон сууцад цуглуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар 2023 оны зунаас өвөл хүртэлх хугацаанд малын тоо толгойг 87.1 саяас 64.6 сая мал болгон бууруулсан. Малын тоог бууруулах зорилгоор Засгийн газраас 80.4 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн гадаад зах зээлд гаргасан нь өмнөх оноос тав дахин өсжээ. Мах боловсруулах үйлдвэрүүдэд 100 хүртэл тэрбум төгрөгийн (29 сая ам.доллартой тэнцэх) зээл олгож, арилжааны санхүүжилтээр мах экспортлох, нядалгааны газруудад санхүүжилт олгосон ч малын тоо толгойг бэлчээрийн даацтай тэнцвэржүүлэх нь тулгамдсан асуудал хэвээр байна. Ирэх жилүүдэд зуд тохиолдож болзошгүй эрсдэлийг тооцоолон зудын хор хохирлыг багасгах арга зам нь бэлчээрийн даац болон малын тоо толгойн тэнцвэргүй байдлыг арилгах, малчдад ирээдүйд учирч болзошгүй хор хохирлыг даван туулах чадварыг бий болгох, мал аж ахуйг шат ахиулах зэрэг хөдөө аж ахуйн тогтвортой үйл ажиллагааг хангах бодлого боловсруулах хэрэгцээтэй байгааг энэ төлөвлөгөөндөө дурдсан байна.
Эх сурвалж: СЗХ