Монголын байгалийн уран бүтээлчдийн холбоо, Усны газар, Соёл урлагийн их сургууль хамтран хэрэгжүүлж буй “Усны нулимс” төслийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг төсөл нь урлагаар нийгэмд зөв хандлагыг төлөвшүүлэх, тодорхой бүлгүүдийн төлөөллөөр дамжуулж усны зохистой хэрэглээг сурталчлах, хүүхэд, залуучуудад шинжлэх ухааны хялбаршуулсан аргаар хүргэх гэсэн чиглэлээр урт хугацаанд хэрэгжих аж.
Төслийн хүрээнд Дүрслэх урлагийн музейд өнөөдөр 16:00 цагт уран бүтээлчид усны асуудлыг хөндсөн үзэсгэлэн нээнэ. Мөн тавдугаар сард усны сэдэвтэй нийтэд зориулсан урлагийн тоглолт зохион байгуулах аж. Түүнчлэн ирэх есдүгээр сард есөн орны 12 уран бүтээлч Монголд ирж манай улсын уран бүтээлчидтэй хамтран нүүдлийн урлагийн төслийг хэрэгжүүлэх юм байна.