NBA-ийн супер од Л.Жэймсийн хүү Бронни Жэймс оюутны дээд лигийн (NCAA) эхний улирлын тоглолтуудаа дуусгалаа. Өдгөө 19 настай залуу тамирчны хувьд 2024 оны NBA-ийн драфтад нэрээ өгөх үү, эсвэл дахин нэг улирал коллежид тоглохуу гэсэн сонголтын өмнө ирээд байна. Гэхдээ Броннийг NBA-д тоглоход бэлэн гэдэгт сагсан бөмбөгийн аналистуудын олонх нь итгэхгүй байгаа юм.
2023 оны зун зүрх нь гэнэт зогссон ч бүх зүйл сайнаар төгсөж, Леброны хүү NCAA-д эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүйгээр бүтэн улирал тоглолоо. Оюутны сагсан бөмбөгийн өндөр ачааллыг Броннигийн зүрх дийлэхгүй, тиймээс карьер нь тун богино үргэлжилнэ гэсэн таамаглал ч гарч байсан юм. Хэдий тэрбээр эл таамгийг үгүйсгэж чадсан ч сагсан бөмбөгийн талбайд онцгой тоглолт үзүүлсэнгүй.
Б.Жэймсийн тоглодог Өмнөд Каролины их сургуулийн баг NCAA-ийн хамгийн чухал тэмцээн болох“March Madness”-ийн плей-оффт шалгараагүй. Баг нь РАС-12 конференцэд наймдугаар байр эзэлсэн агаад улирлын тоглолтод 15 ялж, 18 удаа ялагджээ. Леброны хүү багтаа тус хүргэж чадаагүй, ердөө гурван тоглолтод л 10 оноо(улирлын дундаж үзүүлэлт нь 4.8 оноо, 2.8 самбараас бөмбөг авалт, 2.1 дамжуулалт, 36.6 хувийн оновчтой довтолгоо) авсан байна.
Тийм ч учраас олонх аналист түүнийг дахин нэг улирал коллежид тоглох ёстой хэмээн анхааруулж буй. Гэхдээ Бронни зүрхний өвчнөө эмчлүүлж байсан учраас улирлын өмнөх бэлтгэлийн ихэнх хэсгийг өнжсөн. Мөн улирлын явцад нөхөн сэргээх эмчилгээнд орж байсныг мартаж болохгүй. Үүнээс гадна түүнд тоглолтоо олон талаар сайжруулах зайлшгүй шаардлага бий. Тиймээс их сургуульдаа дахин нэг улирал тоглох нь түүний хувьд энэ жилийн драфтад нэрээ дэвшүүлэхээс илүүтэйгээр карьерт нь эергээр нөлөөлөх юм.
Леброны нөлөө NBA-д хязгааргүй их. Тийм учраас хүүг нь сонгож авахыг NBA-ийн цөөнгүй баг хүсэх нь гарцаагүй. Ингэснээр аавыг нь ч багтаа элсүүлэх боломж гарч ирнэ. Гэхдээ энэ нь Броннид хэрэгтэй гэж үү? Эл асуултын хариулт “Үгүй” гэдэг нь тодорхой юм. Одоогоор Броннид бодох цаг хангалттай байна. Леброн ч хүүгээ шахамдуулахгүй, өөрөө бие дааж шийдвэр гаргах ёстой хэмээж буй. Гэхдээ үүнд эргэлзэх шалтгаан бас бий. Учир нь Леброны тоглогчийн замнал өндөрлөх дөхөж буй бөгөөд лигийн түүхэнд хүүтэйгээ хамт тоглосон анхны тоглогч болох боломж түүнд байгаа юм. Ямартай ч Леброны гэр бүлийн хийх сонголтоос хамаарч аав, хүү хамтдаа лигт тоглож магадгүй. Эс бөгөөс Бронни өөрийн замаар өөр карьер сонгоно. Үүний хариултыг бид тун удахгүй мэдэх биз ээ.
Бэлтгэсэн Н.Энх