Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нь “С” бөөний төвд хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан, хадгалсан” зөрчилд 5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
Улсын байцаагч нь иргэний гаргасан гомдол, мэдээллийн дагуу Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрших “С” бөөний төвд хяналт шалгалт хийхэд 152 нэр төрлийн, 5371 ширхэг, 11,05 кг буюу нийт 12.592.430 төгрөгийн үнэ бүхий хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж байсан зөрчлийг илрүүлж, тогтоосон аж.
Холбогдох хууль, журам, стандартад зааснаар бол хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг лангуунаас буцаан авч тусгай өрөө, агуулахад огноог тэмдэглэж битүүмжлэн түр хадгалах, улмаар устгалд оруулах үүрэгтэй.
Иймээс “С” бөөний төвд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн нийт 12.592.430 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан зөрчилд 5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.