БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны Юнити секторын командлагч бригадын генерал Эммануэль Ругазора тэргүүтэй секторын штабын офицерууд “Сүбээдэй” түр ажиллагааны баазыг байгуулах үеийн ажлын явц, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.
Юнити секторын командлагч манай цэргийн алба хаагчдын 2 долоо хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай танилцсаны
дараагаар хэлсэн үгэндээ маш богино хугацаанд бүхэл бүтэн бааз байгуулсныг хараад бахархаж буйгаа онцлоод секторын зүгээс бүхий л талаар дэмжин ажиллахаа мэдэгдсэн юм.
Цэргийн багаас томилогдсон бүрэлдэхүүнийг анх түр ажиллагааны бааз байгуулах газарт хүрэлцэн ирэхэд эзгүй, хоосон хээр тал угтаж байсан бол 2 долоо хоногийн дараа гэхэд манай цэргийн алба хаагчид 400м хамгаалалтын хашаа, дөрвөн харуулын цэг, хоёр шалган нэвтрүүлэх байрыг төхөөрөмжилж, цэргийн алба хаагчдын амрах байр, цахилгаан болон инженерийн шугам сүлжээний ажлыг бүрэн хийж гүйцэтгэн баазын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Мөн энэ сарын 11-ний өдрөөс “UNMISS” ажиллагааны хүчний командлагчийн тушаал, Юнити секторын командлагчийн тушаалаар Абьеймном суурингийн төв болон
захын хорооллуудаар эргүүлийн үүргийг гүйцэтгэж эхэлжээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний 13 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Бентью, Парианг, Жамжан, Абьеймном зэрэг хүний эрхийн зөрчил хамгийн өндөр бүс нутгуудад батальон, рот, хүч нэмэгдүүлсэн салааны бүрэлдэхүүнтэйгээр тус тус байрлаж дайны хөлд сүйдэж хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн мянга мянган иргэдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахын зэрэгцээ НҮБ-аас дүрвэгcдэд олгож буй хүнсний болон бусад хангалтыг түгээх ажлыг зохион байгуулах зэргээр мандатаар хүлээсэн үүргээ биелүүлсээр байна.
Ахлах дэслэгч Ө.НАСАНТОГТОХ