Ури Геллер ер бусын авьяастай хүн. Түүний ярьсанд итгэвэл тэрбээр Зөвлөлтийн дипломат ажилтнуудад алсаас нөлөөлж, харь гаргийнхантай ярилцаж, Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгчийг оюун ухааныхаа хүчээр хөдөлгөж, Британийн хатан хааны нөхрийг 99 наслахад нь тусалсан аж. 75 настай энэ илбэчин өөрийн гэсэн улс байгуулж буйгаа зарлажээ.
Шотландын эргийн хажууд байх Лэмб гэх арал тун жижигхэн, хөл бөмбөгийн нэг талбайн хэмжээтэй, 100:150 метр орчим гэсэн үг. Хүний сонирхол татах юм тэнд ер байхгүй. Энэ алга дарам газар 2009 оноос Ури Геллерийнх болсон бөгөөд тэрбээр 30 мянган фунт стерлингээр худалдаж авсан байна. Түүний бодлоор Лэмб нь зэргэлдээх Фрида, Крейглэнт аралтай нийлээд Гизагийн цац суваргын байрлалтай гайхалтай адилхан байв. Домогт өгүүлснээр Египетийн хаан Нектанебийн охин Скота нэртийн эрдэнэсийг Лэмб арал дээр нуусан аж. Гэвч энд малтлага хийхийг хориглосноос Ури Геллер энэ эрдэнэсийг эрж хайж чадахгүй байлаа. Ингээд 13 жил Геллер юу ч хийж чадсангүй. Харин2022 оны наймдугаар сард уг арлыг бичил улс болгосноо зарлав. Бүр сүлд дуу, Төрийн далбаа хийгээд бусад ялгах бэлгэ тэмдэгтэй гээч. Хүссэн хэнбугай ч нэг фунт стерлинг төлөөд Лэмбийн иргэн болж болно. Ийнхүү хуримтлуулсан хөрөнгийг зүрхний өвчтэй хүүхдүүдийг эмчлэх сангийн дансанд шилжүүлнэ. Геллерийн энэ бичил улс ид шидтэн, харь гаргийнхантай ойртож нөхөрлөж болохыг Үндсэн хуульдаа тусгав.
Геллер 1946 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Тель-Авивт төржээ. Эцэг Ицхаг Геллер нь цэргийн хүн, эх Менси Фройд нь Уригийн хэлснээр сэтгэц задлан шинжлэх онолыг үндэслэгч Зигмунд Фрейдийн холын хамаатан байж. Тэгэхдээ үүнийг нотлох ямар ч баримт үгүй. Геллер 18 настайдаа Израилын Агаарийн десантийн албанд орж, зургаан өдрийн дайнд оролцож яваад шархдав. 1968-1969 онд тэрбээр загвар өмсөгчөөр ажиллаж байхдаа илбэ шидийн ухааны анхны үзүүлбэрээ хийж байжээ. Удалгүй үндэстний хэмжээний од болчихов. “Ирэх жил улс орны маань хувьд ямархуу өнгө аястай байх бол” гэж сэтгүүлчид асуухад Израилын Ерөнхий сайд, хатагтай Голда Меир “Би далдыг харагч биш, наад асуултаа Геллерт тавь” хэмээн хариулсан гэх яриа ч бий. 1971 онд Геллер АНУ-д очив. Израил залуугийн үзүүлдэг гол зүйл нь оюун ухааны хүчээр халбага нугалах байлаа. Хоёр жилийн дараа Жонни Карсоны домог болсон шоунд түүнийг урьсан нь энэ илбээрээ хэр амжилт олсныхнь илэрхийлэл гэж хэлж болно. Гэтэл нэг санамсаргүй юм тохиолдсон нь мэргэжлийн илбэчин, далдыг мэдэрдэг чадвартай гэгддэг хүмүүст үл итгэгч, тэдний худал хуурмагийг илрүүлэгч Жеймс Рэнди уг хөтөлбөрт далдаас оролцсон аж. Алсаас нөлөөлөх чадвартай хүн байна гэж нөхөд нь хэлсэн нь түүний сонирхлыг ихэд татав. Тэгээд ердийн нэг халбага Геллерт өгөхийг санал болгосон байна. Эцэст нь, үзэгчид хийгээд телевизийн дэлгэц ширтэгчдийн өмнө 22 минутийн турш оролдоод Геллер ер бусын авьяас чадалтайгаа харуулж чадсангүй. Гэлээ ч энэ бүтэлгүй явдал Ури Геллерийн нэр хүндийг сэвтүүлсэнгүй. Харин ч түүнийг телевизийн нэвтрүүлэгт байн байн оролцуулах болжээ.
Ури Геллерийн тухай ном бичсэн Андрия Пухарич илбэчний ер бусын авьяас чадлыг гаднын хүчний нөлөөтэй гэж үзсэн байна. Түүний хэлснээр ийм хүмүүс “Харь гаргийн супер комьпютертой мэдээлэл солилцдог” аж. Түүнийг харсаар байтал Ури Геллер гэрийнхээ муурыг алсаас удирдан нэг өрөөнөөс нөгөө рүү нь авааччихсан гэнэ. Геллер олон түмний өмнө ийм үзүүлбэрээ хэзээ ч хийж байсангүй, халбага нугалах, дугтуйн дотор нуусан зургийг дугтуйг нь нээлгүйгээр хэлчих төдийгөөр хязгаарладаг байв.
Геллерийг Америкийн Тагнуулын төв газар сонирхжээ. Ер бусын авьяастай хүмүүсийг хайх тусгай албаны эхлүүлсэн “Stargate” хөтөлбөрт 1973 онд тэр хамрагдав. Гойд үр дүнд хүрээгүй тул уг хөтөлбөрийг 20 жилийн дараа хаасан гэдэг. Алсын зайнаас зураг үзэж мэдрэх Геллерийн чадварыг хамгийн сайн гэж үнэлсэн байна. Геллерийг нэг өрөөнд түгжээд, сорил хийж буй хүмүүсийн нэгийн өөр өрөөнд зурж буй зүйлийг цаасан дээр буулгуулжээ. Ихэнх тохиолдолд Геллер буруу зурсан ч түүний зарим зураг нөгөө хүнийхтэй яг тохирсон аж. Энэ туршилтыг хийсэн, ашгийн төлөө бус байгууллагын ажилтнууд түүнийг холын зайнаас мэдрэх чадвартайн хангалттай нотолгоо гэж үзжээ. Үүний дараа Геллерийг Мексикт аваачаад ЗХУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудад далд ухааны хүчээр нөлөөлж, нууц мэдээлэлтэй хуурцгуудын бичлэгийг арилгуулахыг хүсэж байж. Өөр нэг баримтаар бол цөмийн зэвсгийн тухай ямар нэг гэрээнд ЗХУ-ыг албадан гарын үсэг зуруулахад алсаас нөлөөлүүлсэн гэнэ. Хэрэв Геллерт итгэвэл энэ хоёр тохиолдолд авьяас чадвараа тэрбээр гайхалтай харуулжээ. Тэгэхдээ энэ бүхэнд эргэлзээтэй зүйл бас бий аж. Израилын илбэчний араас уйгагүй мөшгөсөн мөнөөх Жеймс Рэнди олон нийтийн анхаарлыг ийш нь хандуулсан байна. Төслийн талаарх тайланд тун хайхрамжгүй хандсан байлаа. Нэг тохиолдолд сорилт хийж буй хүн юу зурж буйг харчих боломж Геллерт олдсон гэж гэрчүүд ярьжээ. Өөр нэг тохиолдолд тусгаарласан өрөөнд сорил хийгчид дуу чангаруулагчаа хаагаагүй байснаас тэдний яриаг Геллер сонсчихсон аж.
Геллерийн үзүүлбэрүүд мэргэжлийн илбэчдэд гойд сэтгэгдэл ер төрүүлж байсангүй. Түүний яриад байдаг гоц авьяасыг нотлох гол юм нь халбага нугалах, дугтуйнд нуусан зургийг хэлэх, эсвэл эвдэрсэн цагийг барьж аваад л шууд засчих байв. Иймэрхүү үзүүлбэр үзэгчдийг гайхшируулна. Харин мэргэжилтнүүд болохоор үзэгчдийн анхаарлыг агшин зуур өөр зүйл рүү татаад, энэ хооронд халбагыг гараараа нугалчихдагийг, эсвэл багахан бүлээцүүлэхэд л нугарчихдаг тусгай хайлшаар хийчихсэн байдгийг мэднэ. Бүр арга ядахад нугалсан, нугалаагүй хоёр халбага авч гарч ирээд сольчих боломж ч байдаг л аж. Жеймс Рэнди ийм илбийг хүмүүст олон тоо үзүүлж, “Үүнд төвөгтэй юм ер байсангүй, гагцхүү гар хурууны шаламгай хөдөлгөөн л хэрэгтэй” хэмээн тайлбарладаг байв. Үзэгчдэд анзаарагдамгүйгээр халбагыг “оюун ухааныхаа хүчээр” нугалах наад зах нь 15 арга бий талаар Оросын илбэчин Роман Лугошкин ярьсан байдаг. Геллерийн амжилтын гол нууц нь “ичгүүр сонжуургүй хуурах” чадвар гэж Лугошкин үздэг байв. Цаг засах үзүүлбэр ч ялгаагүй хялбархан эд. Цагийн эд ангиудад наалдамхай тос түрхэнэ, уг тос гарын дулаанаар шингэрч, жижиг араануудыг хөдлөх боломж бүрдүүлнэ. Харин дугтуйнд нуусан хуудсан дээр юу зурсан байгааг мэдэх, мэдрэх нь тийм ч хялбар биш. Жинхэнэ илбэчний ажил асар их хөдөлмөр, төсөөлөн бодох чадвар, техникийн бэлтгэл, заримдаа дориухан хөрөнгө, мөнгө шаарддаг. “Харь гаргийн хүмүүс”-тэй хэзээ ч харилцаж байгаагүй ч тоглолт бүрд мартагдах аргагүй үзүүлбэрүүдээрээ үзэгчдийг бишрүүлж байсан Дэвид Копперфилдийг эргэн саная. Тэгвэл Геллер тийм ч нарийн төвөгтэй биш, хоёр, гурван үзүүлбэр сурчхаад, сансрын зочдоос авсан ер бусын билиг авьяас гэж сайрхана. Сурталчилгаагаа чухам үүн дээр тулгуурлана. Түүний продюсер байсан, Британид айлчлан тоглолтыг нь зохион байгуулсан Яша Кац илбэчин Геллерт ямар ч авьяас байхгүй, үзүүлбэрүүд нь тун энгийн гэж 1978 онд ярьсан нь бий. Энгийнээр хэлбэл, Геллер боломж л олдвол хуурдаг байж.
Израилын илбэчин янз бүрийн салбарт хэр хэмжээнээсээ хэтэрсэн амжилтыг өөртөө хамааруулсан гэж хэлж болно. Тухайлбал, нэгэн цайллагын үеэр Геллер халбага нугалдаг чадвараа харуулж, эрүүл байх эрчим хүчээр цэнэглэсний улмаас II Элизабетийн нөхөр хунтайж Филипп бараг зуу насалсан гэж бусдад итгүүлэхийг оролдож байсан гэдэг. 2021 онд Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгч “Ever given” хөлөг онгоц мөн Геллерийн оюуны чадлын хүчээр аян замаа үргэлж лүүлсэн юм байх. 1996 онд Английн хөл бөмбөгийн шигшээ багийг Европын аварга шалгаруулах тэмцээнд Шотландын багийг хожиход бас л Геллер тус болсон гэнэ. Гари Макалистер хаалга руу чиглэж явах үед нь тоглолтын талбай дээгүүр нисдэг тэргээр явж байсан Геллер оюун ухааныхаа хүчээр бөмбөгийг хэдхэн мм хөдөлгөчихтөл шотланд хаалгач барьж авч чадалгүй хаалгандаа оруулчихсан байна. Ийм авьяас чадал төгөлдөр хүн хэрнээ эхэлснээ гүйцээлгүй Английн багийг яагаад аварга болгоогүйн учрыг таамаглахуйяа бэрх. Энэ мэт түүх Геллерт олон. Сүүлийн 10 жилд дэлхий дахинд тохиолдсон томоохон үйл явдалд оролцсон гэж ярихаас халбага нугалагч буцахгүй. Тэгтэл нөгөөх чинь Лэмб арал дээр суурьшсан хархны учрыг олчихож чадалгүй хоёр жил шахам болсон гэнэ. Бодвол энэ мэт аар саар зүйлд аугаа их авьяас чадвараа зарцуулахаа аригладаг, үүнээс илүү чухал ажил алийг тэр гэх вэ дээ. Хүнд ачаатай хөлөг онгоцыг холын замд нь саадгүй явуулах, Английн хөл бөмбөгчдөд туслах, АНУ-ын армийн нууц лабораторид зочлох гэх мэт нөр их ажлынхаа хажуугаар өөрийг нь шүүмжлэгчидтэй, ер нь хүн бүхэнтэй маргаж мэтгэлцэхдээ Геллер их дуртай аж. Өөрийнх нь айхавтар ухаан, авьяас шаарддаггүй үзүүлбэрүүдийнх нь нууцыг дэлгэсэн “Ури Геллерийн тухай үнэн явдал” хэмээх ном бичсэн гол сөргөлдөгч Жеймс Рэндигээс 1991 онд 15 сая ам.доллар авахаар Геллер шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Үүнд түүний ер бусын авьяас чадвар нь яагаад ч юм бэ нөлөөлсөнгүй, шүүхийн шийдвэр Геллерийн эсрэг гарч, харин ч мань хүн хариуцагчид 120 мянган ам.доллар төлөх болсон байна. Бас Японы хүүхэлдэйн киноны алсаас нөлөөлөх чадвартай Кадабра гэдэг дүрийг өөрөөс нь хуулбарлаж авсан гэж үзэж 2000 онд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Харин20 жилийн дараа үүндээ уучлалт хүссэн гэнэ.
Нөхөд нь Геллерийн ер бусын авьяас чадварыг ер үнэлдэггүй ч түүнд нэг чадвар гарцаагүй байдаг нь өөрийгөө гайхалтай сурталчилж, алдар нэртэй хүмүүстэй нөхөрлөж чаддаг нь юм. 1990-ээд онд тэрбээр Майкл Жексонтой ойр дотно байж, 2000 онд Майкл хуримд нь ирж байсан аж. Хожим нь тэдний харилцаа муудаж, Геллерийн нэр Жексоны хувийн дайсны тоонд орчихсон байж. Гэлээ ч поп хөгжмийн хааныг нас эцэслэсний дараа Геллер сэтгүүлчидтэй ярилцахдаа дуучныг хормойн донтой байсан гэж сэжиглэдэг нь дэмий зүйл гэж хэлжээ. Геллерт бас нэг сайн чанар бий нь буяны үйлсэд гар татдаггүй, ядуучуудад мөнгө өгдөг нь юм. Насаа ахихаар сайн үйлс хийхээр шийдсэн байж ч болох юм. Геллерийн шинэ бичил улсын анхны иргэдийн нэг нь Британийн нэрт жүжигчин, зохиолч Стивен Фрай байжээ. Одоо Геллерийн улсын иргэдийн тоо нэмэгдэж, дансанд нь орж ирэх мөнгийг тэрбээр хүүхдүүдэд туслах санд илгээсээр байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант