Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, орон нутагтаа хэрэгжүүлж буй “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Хашаандаа сайхан амьдаръя” төрийн бус байгууллагатай хамтран мод тарьдаг айл өрхүүдийг урамшуулах зорилготой тэтгэлгийг гурав дахь жилдээ зарлажээ. “Хашаандаа сайхан амьдаръя” тэтгэлэгт энэ жил 120 өрхийг хамруулж, 240 сая төгрөг олгох гэнэ. Тодруулбал, Өмнөговь аймгийн 14 сум, Даланзадгадын 10 багаас тус бүр таван айл шалгаруулж, хоёр сая төгрөгийн дэмжлэг олгохоор болжээ. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг өнгөрсөн баасан гаргаас хүлээн авч эхэлсэн бөгөөд ирэх сарын 19 хүртэл бүртгэх нь. Гол шалгуур нь хашаандаа, амьдарч буй орчиндоо мод, бут тарьсан, ногоон байгууламжтай, цаашид энэ ажлаа өргөжүүлэх хүсэлтэй байх гэнэ.
Бэлтгэсэн Н.Мишээл