Энэ сарын 22-нд тохиох Дэлхийн усны өдрийг угтан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаанаас ус ашиглалттай холбоотой статистик мэдээллийг салбар тус бүрээр нь танилцуулж буй билээ.
Эрчим хүчний салбарын хамгийн их ус ашигладаг аж ахуйн нэгжээр “ДЦС-4” ТӨХК тодорчээ. Тус байгууллага өнгөрсөн онд 19.2 сая шоо метр ус ашигласан байна. Харин “ДЦС-3” 9.4 сая, “ДЦС-2” 959 мянган шоо метр ус ашигласан үзүүлэлтээр удаах байрт оржээ. Эдгээр байгууллага 2023 онд 29.7 сая шоо метр ус ашигласан нь манай улсын нэг жилийн хэрэглээний зургаан хувьтай тэнцэж буй гэнэ. Мөн эдгээр нь Туул голын сав газрын хэмжээнд хамгийн өндөр хэрэглээтэй аж ахуйн нэгжид тооцогдож байгаа аж. Их хэмжээний ус ашигладаг байгууллагууд дэвшилт техник, технологи нутагшуулах замаар хэрэглээгээ бууруулж, байгалийн нөөцийг хэмнэх боломжтойг Усны газрынхан онцлоод, “Ирээдүйнхээ төлөө одооноос хэмнэе” гэж уриалав.