“Google” компанийн албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлэх “Google career certificate” тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэлийг өчигдөр эхлүүллээ. Тус компани болон манай улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран мэдээллийн технологийн чиглэлээр 1000 мэргэжилтнийг бэлтгэх ажлын хүрээнд дээрх тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаад буй юм. Энэ удаад 350 оролцогчийг шалгаруулж, 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийн хүрээнд танхимын болон цахим хэлбэрийн хосолсон сургалтыг англи, монгол хэлээр явуулах нь. Мөн сургалт дууссаны дараа оролцогчдыг аж ахуйн нэгжүүдэд хоёр сарын турш дадлагажуулах аж. Үүний дараа амжилт гаргасан оролцогчдыг ажлын байранд зуучлахаар төлөвлөсөн байна. Бүртгэл энэ сарын 22-ны 23.59 цагт дуусах аж. Улмаар цахим, танхимын хосолсон сургалт энэ сарын 30-наас зургаадугаар сарын 16 хүртэл үргэлжлэх гэнэ. Оролцогчид зургаадугаар сарын 17-ноос эхлэн хоёр сар дадлага хийсний дараа амжилтаа дүгнүүлэх юм байна.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оролцогчдод нас, хүйс, мэргэжлийн хязгаар тавихгүй гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль төгсөгчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд хэн ч оролцож, өөрийгөө сорьж болох аж. Хамгийн гол нь оролцогч хөтөлбөрт хамрагдах хугацаандаа сургалт, дадлагад цаг заваа бүрэн зориулах боломжтой, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлага тавьжээ.
Бэлтгэсэн М.Оч