Хүүхэд суурь боловсрол, хүмүүжлээ ерөнхий боловсролын сургуульд суралцаж байх хугацаандаа олж авдаг. Гэтэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хэрэглэдэг зарим сурах бичиг тэдэнд буруу мэдээлэл, ойлголт өгөхөөр агуулгатай байна. Тухайлбал, ахлах ангийн сурагчдын “Химийн лавлах” номыг нэрлэж болно. “Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч нарт зориулав” гэсэн тодотголтой уг номыг химийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж, сонгон судалж байгаа хүүхдүүд ихэвчлэн ашигладаг аж. Эл номын 33 дугаар хуудсанд “Бүсгүйчүүд дандаа тэнэг хүмүүст дуртай байдаг”, 43-т нь “Ерийн эм хүн тахиатай адил хэмжээний ухаантай байдаг. Харин ер бусын эмэгтэйн ухаан хоёр тахианыхтай дүйнэ” гэх мэтээр энэ хүйсийнхнийг илт гутаан доромжилсон, ёс бус үг, агуулгатай, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохироогүй эшлэл оруулжээ. Тэгвэл сурах бичгийн ерөнхий агуулгад тавигдах шаардлагад “Суралцагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, танин мэдэхүйн түвшинд нийцсэн байна” гэж заасан байдаг. Гэтэл дээрх шаардлагад нийцээгүй номыг 2015 оноос эхлэн ашигласаар буй аж. С.Алтанцэцэг, М.Цогт, С.Алтанзул, Б.Дархисүрэн нарын зохиосон гэх эл номыг стандарт хэрэгжүүлэгч байгууллагууд нь анхааралдаа авч, хэрэглээнээс хасвал яасан юм бэ.