Нийслэлийн Байгаль орчны газраас энэ онд 10 га талбайд хүнд металлын бохирдлыг бууруулах ажил хийхээр төлөвлөж, энэ чиглэлээр хамтрах мэргэжлийн байгууллагуудыг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад буй. Үүнтэй холбогдуулан тус байгууллагынхан өнгөрсөн онд Улаанбаатар хотод хийсэн, хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулах нөхөн сэргээлтийн туршилт амжилттай болсон талаар олон нийтэд мэдээллээ.
Эл газрын судлаач, мэргэжилтнүүд хүнд металлын агууламж ихтэйд тооцогддог “Харгиа” цэвэрлэх байгууламж орчмын 3.9, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн 5.7, Шувуун фабрикийн хогийн цэгийн 0.4, нийт 10 га талбайд хошоон, согоовор, өлөнгө, ерхөг, наранцэцэг, эрдэнэшиш зэрэг нэг болон олон наст ургамал тарьж, нөхөн сэргээхэд хөрсөн дэх бохирдол нь 6.5-57.7 хувиар буурчээ. “Харгиа” орчимд ийм ургамал тарихад хүлцэх стандартаас давсан байсан хромын агууламж 93.5, хүнцлийнх 42.3 хувиар буурсан аж. Харин Шувуун фабрик орчмын хөрсөн дэх хүнцэл 70, бор 80.7, 326 дугаар ангийн ойролцоох талбайн хүнцэл 48.7, бор 80.7, ванади 69.9 хувиар буурчээ. Химийн хүнд элементээр бохирдсон хөрсийг нөхөн сэргээх зорилгоор тарьсан нэг наст ургамлуудыг мэргэжилтнүүд өнгөрсөн оны намар түүж, аюултай хог хаягдлын цэгт зориулалтын технологийн дагуу устгасан байна.