Нийслэлийн өнгө үзэмж гэдэг нь зөвхөн харагдах байдал төдий зүйл биш. Амьдрах орчны аюулгүй байдлыг ч үүнд хамруулдаг. Гэтэл бидний амьдарч буй орчин маш их бохирдолтой байна. Ийм байдлыг өөрчилж, ядаж л хотоо цэвэр цэмцгэр байлгахыг иргэд байнга шаарддаг ч биелүүлдэг албан тушаалтан байдаггүй. Үүний улмаас хот улам навсайх боллоо.
ӨДРИЙН ОД ШИГ ХОГИЙН САВ
Замын хажууханд хогон “овоо” харагдана. Хажуугаар нь явсан хүн бүр хувцасныхаа халаасанд байсан хогоо тийш шидэлнэ. Дэлхийн олон оронд хог хаягдлыг ангилан хаяхыг уриалдаг болсон. Манай улсад ч ийм уриалга хааяагүй сонсогддог. Гэтэл хотын төвд хогийн сав алга. Уг нь аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилгодоо хүрэхийн тулд хамгийн эхэнд хэрэгжүүлэх ёстой алхам нь хог хаягдлаа цэгцлэх баймаар. Харамсалтай нь, жуулчдын хамгийн ихээр зорин очдог Сүхбаатарын талбайн голын хэсэгт нэг ч хогийн сав алга. Хогоо хаана хаях вэ гэж хайж явсаар талбайн урд талын ногоон байгууламжийн хэсэгт, хоёр сандлын дунд нэг сав тавьсныг олов. Уг сав нь хүний нус, цэрэнд будагдаж, зэвэрчихэж. Стандартаа баримталбал хогийг ангилан хаях ёстой. Гэтэл манайд ангилах байтугай ав ч алга.
Хотын төвд “өдрийн од” мэт ховорхон байдаг хогийн сав гэр хорооллын гудамж дагуу бүр сураг ч үгүй нь ойлгомжтой. Гудамжны үзүүрт архины шил овоолчихсон, хашааныхаа үүдэнд гаргаад тавьсан хогийг нь эзэнгүй нохой, муур тарааж буйг гэр хорооллоос харж болно. Нийтийн эдэлбэр газар буюу автобусны буудлаас ч хогийн сав олоход бэрх. Хүний хөл их газруудад ганцыг тавьсан нь хогондоо дарагдчихсан байх юм билээ. Түүнийг нь хэн, хэзээ цэвэрлэх нь ч тодорхойгүй. Заримдаа хот тохижилтын ажилчид өвлийн хүйтэнд нойтон алчуураар зүлгээд суух нь ч бий. Цастай “ноцолдох”-ын хажуугаар хогийн сав цэвэрлээд явах хугацаа тэдэнд тун ховор гэнэ.
Хотын стандарт, хөгжлийн газраас нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулах хогийн саванд тавигдах стандартыг 2020 онд гаргажээ. Энэ нь хогийн савтай холбоотой ганц эрх зүйн акт юм байна. Үүнд хогийн савыг хүний нүдэнд харагдахуйц, хүртээмжтэй байдлаар, хөдөлгөөний эрчим төвлөрсөн газруудад байрлуулна хэмээн тусгажээ. Мөн зэвэрдэггүй ган материалаар хийхээр заасан байна. Түүнчлэн гудамж, талбайд байршуулсан хогийн савыг хүлээн авах шалгуур үзүүлэлтийг ч заажээ. Гэхдээ шалгуур үзүүлэлтийг хангасан, эсэхийг хэн, хэрхэн тогтоох вэ гэдэг нь тодорхойгүй байна.
ХОГОНДОО ДАРЛАГДСАН УЛААНБААТАР
Түүнчлэн томоохонд тооцогдох зах, худалдааны төвүүдэд ч хогийн сав үзэгдэхгүй. “Нарантуул” олон улсын худалдааны төвд гэхэд хогийн сав нэг ширхэг ч үгүй байх шиг харагдлаа. Бараа сонирхогчид барьж яваа хогоо хүний нүд хариулан лангууны доогуур шидчихнэ. Зарим нь ундаагаа ууж дуусаад савыг нь харсан зүгтээ чулууддаг. Тэр нь хүний хөлөөр ийш тийш өнхөрнө. Анхаарах ч эзэнгүй. Ингээд ажлын цаг дуусахад худалдагч нар ойролцоох хогоо л түүцгээнэ. Хувцасны томоохон гялгар уут, жимсний үлдэгдэл, хоолны шавхруу гээд төрөл бүрийн хаягдал газарт үзэгдэнэ. Тэдгээрийг цуглуулаад хогийн нэгдсэн цэгт хаядаг гэнэ. “Бөмбөгөр” худалдааны төвд ч энэ “үзэгдлийг” харж болно. Тус төвийн үүдний хэсэгт л ганц хогийн сав байгаа харагдав. Хог агуулах өөр сав огт харагдсангүй.
Нөгөө талаар хогоо хаана ч хамаагүй хаячихдаг хүмүүс хотын өнгө үзэмжид халдаж байна. Хогийн сав харагдвал хогоо дөхүүлээд л шидчихдэг. Хүний хөлөөс зайтай бол таарсан газартаа л хогоо хаядаг. Гудамж, талбайд ил задгай хог хаях нь зөвхөн хотын өнгө үзэмжид нөлөөлөх төдий зүйл биш. Харин орчны, усны, хөрсний бохирдол үүсэхэд ч нөлөөлж, бидний эрүүл мэндэд заналхийлж байдгийг иргэд ойлгоосой.
Ямар учраас нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хогийн сав цөөхөн байгааг холбогдох албаныхнаас нь тодруулахад “Хогийн сав дагасан үүсмэл хог бий болоод байдаг” гэв. Тиймээс тоог нь нэмэх арга хэмжээ авдаггүйг Сүхбаатар дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэн хэллээ. Өөрөөр хэлбэл, холбогдох албаныхан цэвэрлэхээс залхуураад л хотын төвд байсан хогийн савуудыг аваад хаячихжээ гэж хардахад хүрч байна.
ЯВГАН ХҮНИЙ ЗАМД “ЗАЛСАН” БАРТАА
Асуудлыг үүсгэгч нь үндсэндээ сэтгэлгүй ажил гүйцэтгэгчид байдаг болов уу. Энэ нь явган хүний замаас харагдана. Тодруулбал, явган хүний зам дагуух шар хавтан нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан байдаг. Тэд үүгээр баримжаагаа авч, аюулгүй зорчих ёстой. Урагш буюу чигээрээ заасан хавтан нь үүгээр урагш алхахад аюулгүйг илтгэдэг. Харин хөндлөн харчихсан бол эргэх хэрэгтэйг сануулна. Олон товруу буюу бөөрөнхий товгортой хавтан нь зогсохыг илтгэдэг. Эдгээрийг явган хүний гэрлэн дохио, байгууллагуудын үүдэнд байрлуулсан байх нь олонтоо. Гэтэл чиглүүлэгчийн үүрэгтэй уг замд гэрлийн шон, зарлалын самбар байрлуулчихдаг. Түүгээр зогсохгүй нүх ухаад, тэмдэглэгээг эвдчихдэг нь ч цөөнгүй. Үүнээс болж харааны бэрхшээлтэй иргэд ухсан нүх рүү унаж бэртэх тохиолдол цөөнгүй гардаг байна. Энэ нь хүний аминд заналхийлсэн хэрэг биш гэж үү.
Монгол Улсын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэж манайх Үндсэн хуульдаа заадаг. Гэсэн ч үүнийг хэрэгжүүлдэггүй нь энэ мэт жишээнээс цөөнгүй харагдана. Явган хүний зам дагуух энэ зөрчлийг хариуцан шийдвэрлэх эзэн байхгүй. Өвлийн улиралд тэрхүү хавтангууд “мөсөн гулсуур” болчихно. Монгол Улсад стандарт баталдаг ч түүнийгээ мөрддөггүйн нэг тод жишээ нь энэ. Стандартыг нь баталдаг хүмүүс нь “Мөрд гэж байнга л шаарддаг. Гэтэл хэрэгжүүлэхгүй, шаардлага хангахгүй замыг ашиглалтад хүлээж аваад байх юм” гэлээ.
“БЕТОНОН ОЙ”
Явган хүний зам дээрх гэрлийн шон, хогийн сав зэргээс гадна хотын өнгө үзэмжийг дордуулж, иргэдийг бухимдуулдаг бас нэг зүйл байгаа нь хот төлөвлөлт. Гадаадын улс орнуудад гудамж, талбай нь нарийн зохион байгуулалттай. Харин манай хотод барилгыг ямар ч төлөвлөлтгүй барьсны хор уршгийг бид өдөр бүр амсаж байна. Уг нь орон сууц барихдаа нийт талбайн 30 хувьд нь ногоон байгууламж бий болгох ёстой. Гэтэл барилгын компанийнхан зай талбай бүрийг ашиглан барилга барихыг л урьтал болгосоор ирсэн нь одоо ч өөрчлөгдөөгүй. Ингээд л ямар ч зай завсаргүй шахам “бетонон ой” үүсдэг.
Улаанбаатарын эмх замбараагүй хот төлөвлөлтийг уран бүтээлчид гэрэл зурагт буулган, өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэхийг зорьдог. Тэдний төлөөлөл нь архитектор, гэрэл зурагчин Д.Бат-Эрдэнэ юм. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард “Бетонон ой” үзэсгэлэнгээ дэлгэсэн. Үүгээрээ эмх цэгцгүй төлөвлөлт, хуучны түүхийг агуулсан барилгууддаа хэрхэн хайр найргүй хандаж буйг хөндсөн билээ. Бүтээлүүдээ тэрбээр хар, цагаан өнгөтэйгөөр гаргасан нь асуудлыг илүү мэдрэхэд дөхөм болгосон. Ерөнхийдөө нийслэлд барилгуудын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, уралдан сүндэрлэх боллоо. Бие биеэ нарны гэрлээс халхалж, хотын төв рүүгээ “дайрцгаана”. Ийнхүү замбараагүй хот төлөвлөлт нь Улаанбаатарыг “оршуулгын газар” шиг болголоо гэх нэгэн ч бий.
“ХОТДОО УРГУУЛЪЯ”
Өндөр хөгжилтэй орнуудад нэг хүнд ногдох ногоон байгууламжийнх нь хэмжээ 15-18 ам метр байдаг. Харин Улаанбаатарт нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ өнгөрсөн онд 5.5 ам метр байлаа. Нийслэлийн удирдлагууд ногоон байгууламжийн хэмжээг жил ирэх бүр нэмэгдэж байна гэдэг ч тэрхүү үр дүн нь бодитой харагддаггүй. 2017 онд ч нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ өнгөрсөн оныхтой адил байжээ. 2022 онд зохион байгуулсан “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр “2030 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 15 ам метрт хүргэнэ” хэмээсэн байна.
Яг ийм амлалтыг Улаанбаатарын дарга бүхэн хэлсээр, ярьсаар ирсэн гэхэд буруудахгүй. Гэтэл бид 10-аад жилийн өмнөхөөсөө төдийлөн өөрчлөгдөөгүй, ногоон байгууламж бус, барилгууд л нэмэгдсэн хотод амьдраад байна. Ногоон байгууламж дутмаг байгааг иргэд шүүмжлээд эхлэхээр төв талбайдаа хиймэл зүлэг дэлгэчихдэг. Багахан хэмжээний хиймэл зүлгэн дээр иргэд багталцахгүй болтлоо шахцалдах нь өрөвдмөөр.
Дээр дурдсан асуудлуудыг шийдэх байгууллага нь дүүргийн Хот тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс аж. Үүнд нийслэлийн Хот тохижилтын газраас хяналт тавих үүрэгтэй. Тиймээс дээрх байгууллагуудаас хотын өнгө үзэмжийг яагаад сайжруулахгүй байгаа талаар лавлахад дүүргийнхэн нь “Нийслэлийн удирдлагууд мэднэ” гэв. Харин нийслэлийнхэн нь “Дүүргүүд хариуцдаг болсон” хэмээгээд өөрсдөөсөө холдуулж байлаа. Үндсэндээ хотын өнгө үзэмжийг тордох, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажил нь Улаанбаатарын хувьд эзэнгүй байна.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн