Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023-2024 онд нийт 600 автобусыг хүлээн авч, нийслэлийн өмчит хоёр, хувийн хэвшлийн арван байгууллагад хүлээлгэн өгч, 457 автобусанд төхөөрөмж суурилуулан үйлчилгээнд гаргасан бол 143 автобус төхөөрөмжгүй байна. Парк шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор Морингийн даваа болон Тахилтад шинээр автобус бааз байгуулж буй. Морингийн даваа дахь баазад 54 автобус байршуулж байгаа бөгөөд нийт барилгын ажил 80 хувьтай, энэ оны долдугаар сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Харин Тахилт дахь бааз 110 автобусны багтаамжтай бөгөөд нийт ажлын явц 78.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Энхтайваны өргөн чөлөө, Их болон Бага тойруу, Олимпын гудамжнаас Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмын явган хүний зам, талбайг стандартад нийцүүлэн, байгалийн чулуун хийцлэлээр хийхээр болсон. Одоогийн Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-аас замын трассыг нарийвчлан тогтоохоор судалгаа хийн, зураг төслийг боловсруулж байгаа юм. Зураг төслийн ажлын нарийвчилсан төлөвлөгөөг дараагийн шуурхай зөвлөгөөнөөр танилцуулахыг Хотын дарга даалгалаа.