Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 39 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 80.1 хувьтай байв.
Инженер хангамжийн байгууллагуудын болон хот, нийтийн аж ахуйн өдөр тутмын ажиллагааг цахимжуулах, нэгдсэн байдлаар удирдаж, зохион байгуулах зорилгоор “UB engineering” системийг мэдээллийг хөгжүүлж буй. Уг системд Нийслэлийн Хот байгуулалт, дундын мэдээллийн сангаас гадна орон зайн мэдээллийн системийг нэмэлтээр хөгжүүлж байгаа юм. Иймд тус системийн мэдээллийг бүрдүүлэгч болон хэрэглэгч байгууллагуудаас санал аваад байна. Цаашид хоёр мэдээллийн санд харьцуулалт хийн, стандартад нийцүүлэн хөгжүүлэх ажлыг зохион байгуулах юм.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал,
- Төвлөрсөн хогийн цэгүүдийг түшиглэн хог ангилан ялгах, хаягдлыг сэргээн ашиглах, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллах;
- Дүүргүүдийн хүн амын өсөлттэй уялдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг судлан, авах арга хэмжээний санал танилцуулах;
- Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй гаднах хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгах, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлэх;
- Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах;
- Үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх бэлтгэл ажлыг сайтар хангах;
- Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, болзошгүй халдварт өвчнөөс сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах;
- Хот, нийтийн аж ахуйн чиг дүүргүүдэд шилжсэнтэй холбогдуулан дүүргүүд сонгон шалгаруулалтын ажлуудаа эрчимжүүлэх;
- Урт цагааны гудамж болон 32-ын тойрог орчимд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон юм.