Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдөр “Мэргэжлийн боловсрол, сургалтын хосмог тогтолцоог бий болгоход хамтран ажиллах” санамж бичигт Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар үзэглэлээ. Уг мэргэжлийн боловсрол, сургалтын /МБС/ хосмог тогтолцоог бий болгоход Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт - 2” төсөл дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Тус санамж бичиг нь 2 жилийн хугацаанд хүчинтэй ба Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Боловсролын шинэчлэлийн хүрээнд ажил олгогч нарын түншлэлийн оролцоог мэргэжлийн боловсрол, сургалтад нэмэгдүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн МБС-ын хосмог тогтолцоог бий болгох зорилготой юм.
2023 онд Монгол улсад хосмог сургалтын тогтолцоог бий болгох хүрээнд гадаад улсын туршлага, хууль эрхзүйн байдлыг судлах, олон улсын зөвлөхтэй хамтран ажиллах зэрэг шат дараалсан бэлтгэл ажлуудыг GIZ-ийн төслийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэжээ.
МБС-ын хосмог тогтолцоо манай улсад хэрэгжсэнээр ажил олгогчид, МБС-ын байгууллага хамтран сургалтын үйл ажиллагаагаа төлөвлөн, хэрэгжүүлж хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тохирсон, ажил олгогчийн шаардлагад нийцсэн ур чадвар бүхий мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэнэ.
Монгол улсад хосмог МБС-ын тогтолцоог бий болгоход шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхэд Боловсрол, шинжлэх ухааны яамыг дэмжин ажиллах нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны санхүүжилтээр GIZ-ийн хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт - 2” төслийн нэгэн зорилт юм.