Манай улсын Соёлын яам, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн барилгыг өргөтгөхөөр болжээ. Тодруулбал, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны “Хилийн чанадад нийтийн номын сан байгуулах” төслийн хүрээнд уг ажлыг гүйцэтгэх бөгөөд одоогоор зураг төслийг нь боловсруулаад буй аж. Үүний дагуу дөрвөн давхар, нийт 2500 ам метр талбайтай номын сангийн өргөтгөл барих нь. Давхар бүр нь 200 хүнд үйлчлэх хүчин чадалтай байхаар зураг төсөлд тусгажээ. Ийнхүү өргөтгөснөөр номын сангийн хүртээмж хоёр дахин нэмэгдэх гэнэ. Төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Соёл, спорт аялал жуулчлалын яам, Номын сангийн агентлагийн төлөөлөл, архитекторын багийнхан өдгөө манай улсад ажиллаж буй юм. Эл төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн зөвшөөрөл олгосны дараа барилгын ажил эхлэх боломж бүрдэхийг Соёлын яамнаас мэдээлсэн.
Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын нийтийн төв номын санг 1980 онд байгуулжээ. 1986 оноос их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон аж. Өдгөө нийслэлийн хэмжээнд таван дүүрэгт салбар номын сантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Бэлтгэсэн М.Оч