Хүүхдийг сургуульд, суралцахуйд бэлтгэнэ гэдэг асар хариуцлагатай, нарийн ажил байдаг аж. Боловсролын тогтолцоо сайтай, хүүхдийн хөгжилд ул суурьтай анхаардаг улс оронд үүнийг сургалтын байгууллага, багш, эцэг, эх, суралцагчийн оролцоотойгоор системтэй хийдэг юм байна. Япон Улсад гэхэд хүүхэд бага сургуульд элсэхэд зайлшгүй сурч эзэмшсэн байх ёстой чадвар, дадлуудын босго гэж бий. Тухайлбал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ойлголттой, гэрийн хаяг, аав, ээжийнхээ нэр, гар утасны дугаарыг мэддэг байх, өөрийн болон бусдын эд зүйлийг ялгаж сурах, мэндлэх, хүндлэх ёсыг эрхэмлэх, уйлж, бухимдахгүйгээр үзэл бодлоо илэрхийлж хэвших зэрэг чадварыг суралцагчдаас шаарддаг ажээ.
Их наран улсад гэр бүлээрээ амьдардаг нэгэн эмэгтэй Японы бага сургуульд хүүгээ элсүүлэхийн тулд 14 зүйлийг зайлшгүй сургах шаардлагатай болсон талаараа хуваалцав. Үүнд дээрх зүйлс багтжээ. Түүнчлэн өөрийн нэрийг уншиж, бичиж, хувцсаа бусдын оролцоогүй тайлж, өмсөж, бие засаж, нүүр, гар, шүдээ зөв угааж, ганцаараа бие засаж сурсан байх, хэрэглэсэн эд зүйлээ цэгцлэн хураах, найзууд, үеийнхэнтэйгээ эв найрамдалтай харилцах, тоглох, хоол голохгүй (эрүүл мэнд, харшлын шалтгаанаас бусад тохиолдолд) идэх, нэрийн пайзаа зүүж хэвших зэрэг чадварыг хүүхдэдээ эзэмшүүлэх шаардлагатай болж.
Тус улсад хичээлийн шинэ жил хавар дөрөвдүгээр сард эхэлдгээрээ онцлог. Тэгвэл бага сургуульд элсэх суралцагчдын эцэг, эхийн уулзалт, хурлыг үүнээс зургаан сарын өмнөөс шат дараатай зохион байгуулж, хүүхдээ хэрхэн бэлтгэх талаар зөвлөмж, мэдээлэл өгдөг байна. Энд жишээ болгон дурдсан эмэгтэй гэхэд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хоёр ч удаа эцэг, эхийн хуралд суусан бөгөөд “Бага сургуульд элсэхэд сурсан байх 14 зүйл” гэсэн бичиг бүхий зөвлөмж, даалгаврыг нэгдүгээр сард хүлээн авчээ. Ингээд тэрбээр уг зөвлөмжийн дагуу хүүгээ сургуульд элсүүлэх бэлтгэлээ базааж эхэлж. Бүс нутгийн онцлогоос хамаараад зарим нэг зүйл нь өөр байдаг ч Японы сургуулиудын элсэгчдэдээ тавьдаг шаардлага нь ерөнхийдөө төстэй аж. Энэ талаар мэдээлэл бэлтгэн хүргэсэн эмэгтэй “Энд дурдсан ихэнх зүйлийг цэцэрлэгийн бага, дунд ангиас хүүхдэд бага багаар зааж сургадаг ч сургуульд ороход бүрэн төгс эзэмшсэн байх ёстой гэж үздэг” хэмээн өгүүлэв.
Австрали улсад ч хүүхдийг бага сургуульд элсэхэд үүнтэй төстэй чадваруудыг эзэмшсэн байх ёстой гэж үздэг гэнэ. Юуны түрүүнд хүүхэд ямар ч үед өөрийгөө бүрэн гүйцэд илэрхийлж, бусадтай өв тэгш харилцаж чаддаг байх нь чухалд тооцогддог байна. Харин үүний дараа өөртөө үйлчлэх хэрэгцээ буюу ариун цэврээ сахих, зөв хооллох, хичээлийн хэрэгслээ ашиглах, цэгцлэх, хувцсаа бусдын оролцоогүй бие даан өмсөх, солих, өөрийн эд зүйлсдээ эзэн болох зэрэг чадвар эрэмбэлэгддэг байх нь. Тус улсад сурч, амьдарч буй бүсгүй “Австраличууд хүүхдийг харилцааны ур чадвартай, нээлттэй, өөрийн гэсэн хүсэл сонирхол, хоббитой байлгахыг чухалчилдаг ард түмэн. Тиймээс бага сургуульд элсэгчид ийм чадварт суралцсан байх ёстой гэж үздэг. Хууль, эрх зүйн хүрээнд үүнтэй холбоотой хатуу зохицуулалт байхгүй ч эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчид нь хүүхдийг өөрийгөө илэрхийлэх чадамжтай, зөв харилцаа, хандлагатай хүн болгоход цэцэрлэгээс нь эхэлж санаа тавьдаг. Ингэснээрээ бага сургуулийн багш нарын ажлыг хөнгөвчилж, хүүхдийн сурах үйл явцыг төдий чинээ дэмжинэ гэж үздэг” хэмээн ярьсан юм.
Дээр дурдсан зүйлс зарим хүнд, магадгүй монголчууд бидэнд хэтэрхий энгийн, эсвэл сурах үйл явц, сургалтын үйл ажиллагаанд төдийлөн хамааралгүй мэт санагдаж магадгүй юм. Гэтэл энэ нь хүүхэд амжилттай сурах, аюулгүй байх, нийгмийн харилцаанд бие даан оролцох үндэс суурь болдог гэнэ.
Хүүхдийг сургуульд бэлтгэнэ гэдэг үсэг, тоо нүдлүүлж, уншуулж, бодуулж, бичүүлж сургахыг хэлдэггүй аж. Харин энэ бүхнийг амжилттай сурах суурийг тавихын тулд бие физиологи, сэтгэл зүйг нь бэлтгэх шаардлагатай. Тухайн хүүхэд хэчнээн чадвартай байгаад, үеийнхнээсээ түрүүлж уншиж, бичиж сурсан байлаа ч сэтгэл зүй нь бэлтгэгдээгүй, дасан зохицох чадвар сул, сургуулийн талаар ойлголт, төсөөлөлгүй бол цаашид амжилттай сурах магадлал нь тэр хэрээр буурдаг байна. Харамсалтай нь, манай улс яг ийм сул талтай, чиг баримжаагүй хүүхдүүдийг сургуулийн босго зүглүүлэн орхисоор буй юм.
Монголд хүүхдийг сургуульд бэлтгэх ажлын голыг сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон цэцэрлэгийн багш нар нугалдаг. Уг нь багш, эцэг, эх, сургалтын байгууллага эн тэнцүү оролцох учиртай. Гэтэл бодит байдалд эцэг, эхчүүд хүүхдийнхээ бие физиологи, сэтгэл зүйг бэлдэхэд цаг гаргадаггүй, төдийлөн анхаардаггүй. Бал, харандаагаа зөв барих, хичээлийн хэрэгслээ ашиглах дадалд сургахаас илүү үсэг, тоо нүдлүүлэхийг чухалчилдаг. Бусадтай зөв боловсон, нээлттэй харилцах чадварт сургахын оронд дутуу гуцуу өсгөхгүй гэх үзлээр эрхлүүлж, бөөцийлдөг. Харин цэцэрлэгүүд бие бялдар, хэл яриа, оюун ухааны хөгжил, нийгэмшихүй, сэтгэл хөдлөлийг дэмжих, суралцах, дасан зохицох чадварт сургах нэртэй баахан, хүнд агуулгатай хичээлээр багачуудыг “нүддэг” ч тэдэнд хэрэгтэй чадвар, дадлуудыг хангалттай хэмжээнд суулгаж чаддаггүй. Японы бага сургуулиуд шиг хичээлийн шинэ жил эхлэхээс хагас жилийн өмнөөс эцэг, эхчүүдтэй тулж ажилладаг, зөвлөмж, чиглэл өгдөг сургууль байтугай цэцэрлэг ч манай улсад байхгүй. Орчин цагийн завгүй, мөнгөтэй эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд элсүүлэхэд бэлтгэх зорилгоор төлбөртэй сургалт, хөтөлбөрт хамруулдаг жишиг түгээмэл. Гэвч тэдгээр нь мөн л амьдралтай, “наалдацтай” зүйл заадаггүй.
Боловсролын үнэлгээний төвөөс жил бүр “Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ”-г хийдэг аж. Энэ үнэлгээний дүн ямар гардаг талаар тус төвийн мэргэжилтэн Н.Энхтуяагаас тодруулахад “Цэцэрлэг, сургуулиуд өөрсдөө үнэлгээ хийгээд, үр дүнг нь манай байгууллага руу илгээдэг. Ийм мэдээллээр сургууль, цэцэрлэгүүдийг сайн, муу гэж дүгнэж, хооронд нь жишиж, уралдуулж болохгүй. Сургалтын үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор л үнэлгээ хийдэг. Тиймээс олон нийтэд нээлттэй мэдээлдэггүй, нууцалдаг юм. Бид байгууллагуудаас ирүүлсэн тайлан, үнэлгээг нэгтгэн дүгнээд, БШУЯ, Боловсролын ерөнхий газар луу явуулдаг. Харин тус газрууд бодлогын түвшинд цаашид ямар арга хэмжээ авах вэ, юу хийх вэ гэдгээ тодорхойлно. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хөндлөнгийн хүмүүст өгөх боломжгүй. Шаардлагатай бол манай төв рүү албан бичиг илгээж, мэдээлэл авах боломжтой” гэсэн юм.
Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр бол 2012, 2014 онд Боловсролын үнэлгээний төвийнхөн улсын хэмжээнд бэлтгэл бүлгийнхнээс сургуульд бэлтгэгдсэн байдлын шалгалт авахад 40 орчим хувьтай гарч байж. Маш муу дүн гарсан гэсэн үг. Үүнээс үүдээд нийгэмд, олон нийтийн дунд шүүмжлэл, элдэв яриа гарсан тул үнэлгээтэй холбоотой мэдээллийг “Дотооддоо ашиглах зорилготой” хэмээх нэрийдлээр нууцлах болжээ. Гэсэн ч олон улсын байгууллагууд, багш, судлаачид үүнд ил тод дүн тавьсаар, шүүмжлэлтэй хандсаар байна.
НҮБ-ын Хүүхдийн сан гэхэд Монголд сургуулийн өмнөх боловсрол хүртээмжгүй, тэгш бус, чанартай суралцах боломж хомс байгаа нь хүүхэд багачуудын сургуульд бэлтгэгдэх боломж нөхцөлийг хязгаарладгийг хөндсөөр иржээ. Бага насны 4-5 хүүхдийн нэг нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй, ядуу өрхийн 10 хүүхэд тутмын долоо нь цэцэрлэгт явдаггүй, багш нарын чадавх муу, эцэг, эхчүүдийн оролцоо, ойлголт сул зэрэг нь бага сургуульд элсэгчдэд шаардлагатай ур чадвар, зөв дадлыг хэвшүүлэхэд саад болдог хэмээн дүгнэж байж. Багш нар ч сэтгэл дундуур байдаг гэнэ.
Орон нутагт бага ангийн багшаар долоо дахь жилдээ ажиллаж буй Г.Тамир “Уг нь бид суралцах арга барилд их, бага хэмжээгээр дадаж, бэлтгэгдсэн хүүхдүүд хүлээж аваад, хичээлээ саадгүй заах үүрэгтэй юм. Гэтэл цэцэрлэгүүд, эцэг, эхчүүд хүүхдээ хангалттай бэлдэж чадаагүйгээс тэдний ажлыг бид хийхээс аргагүйд хүрдэг. Наанадаж балыг нь зөв бариулах, цэгцтэй суулгах, бусдад саад болохгүй хичээлд оролцуулж сургах шаардлагатай болно. Эхний 3-6 сар цэцэрлэг шиг л байдаг” гэсэн юм. Харин өөр нэгэн багш “20 хүүхэдтэй ангид 5-6 хоцрогдолтой, ажиллагаа ихтэй хүүхэд байхад л сургалтын үр дүн 20-30 хувиар буурдаг гэж үздэг. Гэтэл Улаанбаатарт нэг ангид багадаа 30-40 хүүхэд ногддог.
Бага ангийн багш нар угаасаа ийм ачаалалтай ажилладаг хэрнээ давхар асран хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх шаардлагатай болдог нь бэрхшээлтэй. Хичээлийн шинэ жил эхэлмэгц сургуулийн хонгил, анги танхимаар нэг уйлж, хашхирсан хүүхэд болдог. Энэ бол инээд наргиан болгохоор, өхөөрдөх зүйл биш. Тэднийг сургуульд бэлтгэж чадаагүй, нийгэмших суурийг тавиагүй байна гэсэн үг. Орчин цагт хүүхдэд тоо, үсэг яаран заахыг сайшаахаа больсон. Хүүхэд сургуульд орсныхоо дараа тэр бүхнийг дахин үзэхээр уйддаг, сонирхол, идэвх нь буурдаг. Зөвхөн цэцэрлэгийн ахлах (бэлтгэл) ангид л эдгээрийг системтэй, зөв аргачлалаар заахыг зөвшөөрдөг. Гэтэл сүүлийн үед эцэг, эхчүүд багш нараас өрсөн хүүхдэдээ үсэг, тоо заах боллоо. Тэгээд багшийг заахаар “Наадахыг чинь тэгдэггүй”, “Манай аав, ээж ингэж заасан”, “Би энийг мэднэ” гээд мэдэмхийрч, аашилдаг. Багш шаардлага тавихаар загналаа гээд уйлдаг. Үүний оронд хүүхдээ зөв суулгаж, хүнээс үг сонсож, бусадтай эелдэг харилцаж сургах хэрэгтэй” гэсэн юм.
0-5 насанд хүний зан чанар, өөрийгөө илэрхийлэх, дасан зохицох, саад бэрхшээлийг даван туулах чадваруудын суурь тавигддаг, тархины хөгжлийн 85 хувь бүрэлддэг гэдэг. Тэгвэл улс орнууд энэ насанд хүүхдэд олон зүйл зааж сургахаас илүү цаашид амжилттай суралцах, зөв хүн болж төлөвшихөд шаардлагатай чадваруудыг суулгахад анхаардаг байх нь. Харин манай улс ийм хариуцлагатай, зөв тогтолцоог нутагшуулж чадаагүй л байна. Монгол сурагчдын сурлагын түвшин, ур чадвар нийтээрээ тааруу байдаг нь (өнгөрсөн онд хийсэн PISA олон улсын үнэлгээнээс харж болно) магадгүй үүнтэй холбоотойг ч үгүйсгэхгүй.