2023-2024 оны хичээлийн жилд Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн Мэргэжлийн Боловсрол, Ур Чадвар Олгох Сургуульд “Монгол дохионы хэлмэрч” мэргэжлээр 20 иргэн хоёр жилийн хугацаатай суралцан төгсжээ. Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдөр мэргэжлийн үнэмлэхээ авч байна.
Сонсголгүй хүний эрхийг хангах, сурч боловсрох, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцоход мэргэжлийн дохионы хэлмэрчийн зайлшгүй шаардлага байнга тулгардаг. Монгол дохионы хэлмэрч бэлтгэх сургалтын стандарт, хөтөлбөр, ном, сурах бичиг, гарын авлага ч эрэлт хэрэгцээтэй байсаар ирсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн дэмжлэгтэйгээр “Монгол дохионы хэлний хэлмэрч” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх Сургалтын хөтөлбөрийг СЗСҮТ-ийн Мэргэжлийн Боловсрол, Ур Чадвар Олгох Сургууль, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо ТББ, Сонсголгүйн боловсрол ТББ, Тэгш тусгал ТББ, Сонсголгүй иргэдийн ТББ, Диф клуб, 29-р тусгай сургууль, сонсголгүй иргэдийн төлөөлөлтэй хамтран боловсруулжээ.
Тус хөтөлбөрөөр хоёр жилийн хугацаатай “МОНГОЛ ДОХИОНЫ ХЭЛНИЙ ХЭЛМЭРЧ” мэргэжлээр монгол дохионы хэлний орчуулагч, тусгай сургуулийн багш, ажилтан, орон нутгийн ХБИ-ийн холбооны гишүүд, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд зэрэг нийт 20 иргэн хамрагдан суралцлаа.