Авто тээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачааны тээврийг ирэх долоо хоногийн лхагва гаргаас эхлэн нэг сарын хугацаанд зогсоохоор болсноо Зам, тээврийн хөгжлийн яамнаас өчигдөр мэдээлэв. Урин дулааны улирал эхэлж, хөрс гэсэх үед авто замд ус, чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт нь огцом буурдаг тул ийнхүү шийдвэрлэсэн аж. Дээрх зохицуулалтыг зөрчсөний улмаас авто зам, замын байгууламжид хохирол учирвал холбогдох хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх гэнэ. Үүний хүрээнд стандартыг хэрэгжүүлэх, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлсэн ачаа тээвэрлэж буй, эсэхийг шалгах, зөрчил арилгуулах зорилгоор “Авто тээврийн үндэсний төв”, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, Тээврийн цагдаагийн албаныхан хамтран төлөвлөгөөт хяналт шалгалт зохион байгуулахаар болжээ.
Ташрамд дурдахад, тухайн тоног төхөөрөмжүүд үйлдвэрээсээ гарахдаа тусгай тоноглолтой буюу задлаад буцааж угсрахад хүндрэлтэй бол задрах боломжгүй ачаа тээвэр гэж үздэг аж. Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 7-ны 222 дугаар тогтоолоор олон улс, улсын чанартай авто замаар зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэх тохиолдолд холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч, төлбөр төлөхөөр заажээ.
Бэлтгэсэн: М.Оч