“Чингис хаан” үндэсний музей эрдэм шинжилгээний номын сан, уншлагын танхимтай болжээ. Эл номын сангаар ахисан түвшний буюу докторантаас дээш эрдмийн зэрэгтэй судлаач, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд үйлчлүүлэх боломжтой гэнэ. Ингэхдээ ахисан түвшинд суралцаж буй, судалгаа шинжилгээ хийж байгаагаа гэрчлэх үнэмлэх, тодорхойлолтыг харьяа сургууль, байгууллагаасаа авчран үйлчлүүлэгчийн карт нээлгэх шаардлагатай аж.
Музейн эрдэм шинжилгээний номын сан нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн 7000 гаруй ном, сэтгүүл, товхимолтой юм байна. Энэ сарын 1-7-нд болсон “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний үеэр уг номын сан, уншлагын танхимыг нээж, анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авчээ. Шинэ номын сан байгуулсантай холбоотойгоор их, дээд сургуулиуд, судалгааны байгууллагууд ном, бүтээлийнхээ дээжээс “Чингис хаан” музейд хандивлах болжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл