Үндэсний бөхийн “Алтан цом”-ын төлөөх барилдааныг жил бүр зохион байгуулдаг. Үүнд 21 аймаг, есөн дүүрэг, Улаанбаатар хотын болон Тува улсын багийнхан оролцох болсон. Багууд эхний хоёр шатанд сугалаагаар хасагдах журмаар барилдаж, шалгарсан найм нь тойргоор барилдаж, аваргаа тодруулдаг билээ. Өдгөө эл барилдаан бөхийн хорхойтнуудын үзэх дуртай, хамгийн сонирхолтой тэмцээний нэг болжээ. Хагас шигшээ буюу III тойргийн хоёр дахь өдрийн эхний барилдаанд Архангай аймгийнхан Сүхбаатарын бөхчүүдтэй учраа таарсан ч 21:4, Өмнөговийнхон Орхоны багийнхантай өрсөлдөн 19:6, Увсын хүчтэнүүд Завханыхныг 17:8-аар илт давуу ялж, шигшээ наймд шалгарав. Хоёр дахь барилдаанд Баян-Өлгий аймгийн баг Булганыхныг 14:11, гурав дахь барилдаанд Ховд аймгийнхан Баянхонгорынхонтой өрсөлдөн 21:4, дөрөв дэх өдрийн эхний барилдаанд Өвөрхангай аймгийнхан Говь сүмбэрийн бөхчүүдийг 14:11-ээр хожиж, шигшээ наймд шалгараад байна. “Алтан цом”-д түрүүлсэн багийнхан 200 сая төгрөг, шилжин явах аваргын “Алтан цом” гарддаг бол аман хүзүүдсэн нь 50 сая төгрөгөөр шагнуулдаг. Тэргүүлсэн багийн хамгийн олон даваа авсан бөхөд “Шилдэг бөх”-ийн цом өгч, тойргийн барилдаанд ялсан багийнхныг тус бүр таван сая төгрөгөөр урамшуулдаг аж.