"Монголын эмэгтэйчүүдийн холбоо" /МЭХ/ үүсгэн байгуулагдаад өдгөө 100 жил болжээ. Гэтэл эмэгтэйчүүдийн хүчтэй дуу хоолой болж чадахаа болиод удаж. Ердөө л бэлэг тэмдэг төдий болжээ. Зарим нь бүр ийм байгууллага байдгийг мэдэх ч үгүй биз. Угтаа бол том байгууллага л даа. Анх 1924 оны гуравдугаар сарын 19-нд байгуулагдаж, анхны эрхлэгчээр их зохиолч Д.Нацагдоржийн эхнэр Д.Пагмадулам ажиллаж байсан гэдэг. Байгуулагдсан цагаасаа эхлэн эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, хоршооллын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийг оролцуулах, удирдах шатанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд олон олон ажил хийж байсан.
Гэтэл сүүлийн 30-аад жил улс төрийн намын нөмөр нөөлөгт автан, мөнгөтэй, хөрөнгөтэй эмэгтэйчүүдийн эд хөрөнгөө гайхуулдаг газар болж. Тухайлбал, түүхт 100 жилийн ойгоороо “Монголын эмэгтэйчүүд-100” гэх арга хэмжээг зохион байгуулахдаа эмэгтэйчүүдийг хөрөнгө мөнгөөр нь ялгаварлан, таксыг нь НЭГ САЯ төгрөгөөр тогтоон, өндрөөс өндөр босго тавьчихаж.
Өнөөдөр монголд охид, бүсгүйчүүд, ээжүүд алдарт брэндүүдээр гоёж, нэг сая төгрөгөөр үнэтэй ресторанд зоог барьж чадахаар санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн бил үү. Хүүхдүүдийнхээ хоногийн хоолыг хэрхэн яаж олох вэ хэмээн өдөржингөө борви бохис хийлгүй ажиллаж, өдрийн 40-50 мянган төгрөгийн цалин авч, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байна. Монголд өнөөдөр тэдний эрх л хамгийн эрх зөрчигдөж, тэдний л дуу хоолойг төр засагт хүргэх учиртай мэргэшсэн байгууллага нь нэг оройд нэг сая төгрөгийг үрэх чадалтай, чадалгүйгээр нь ялгаж байна.
Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэх атлаа манайх зөвхөн гишүүддээ үйлчилдэг гэх үгээр халхавч хийдэг. Тэгсэн мөртлөө төрөөс санхүүжилт хүсэхдээ монголын бүх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, дуу хоолойг хүргэх зорилготой хэмээн баг зүүдэг. Жилдээ хэд хэдэн удаа Улаанбаатар хотод уулзалт зохион байгуулахдаа хөдөө, орон нутгин эмэгтэй гишүүдээсээ замын зардал, хоол, буудлын мөнгийг нь өөрсдөөс нь гаргуулдаг. Ийм луйврын байгууллагын ерөнхийлөгч Б.Оюунгэрэл гэх эмэгтэй энд ч Америкт сургалттай, тэнд ч гадаадад семинартай гээд тэнгэрээр л “амьдардаг” гэх. Нэг хүний монополд захирагддаг уг байгууллагад шинэчлэл хийж, салхи оруулах шаардлага тулгарчээ.