Нийслэлийн Байгаль орчны газар энэ онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх 10 га талбайд хөрсний хүнд металлын бохирдол бууруулах ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын судлаачид 2022 онд “Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдлын төлөв байдал”-ын судалгааны хүрээнд нийслэл дэх 334 цэгээс дээж авч шинжлэхэд хүнд металл их хэмжээгээр илэрсэн байдаг. Энэ төрлийн металлаар бохирдсон хөрсийг эрүүл, хүний үйл ажиллагаанд өртөөгүй газрынхтай харьцуулахад цайр 83.2, хар тугалга 69.7, хүнцэл 63.5, ванади 58.1,никель 50, молибден 42.3 дахин их агууламжтай гарсан аж. Хүнд металлын бохирдол хамгийн ихтэй бүсэд арьс, шир боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, авто засварын газар, Төв болон “Харгиа” цэвэр байгууламж, “Нарантуул” худалдааны төвийн арын гэр хороолол, “Да хүрээ” зах, Улаанхуаран, Амгалан, Улиастай, Ханын материал, Алтан өлгий, Эрдэнэ толгой, Орбит, 13, 19 дүгээр хороолол орчим багтаж байж. Тэгвэл өнөө жил дүүргүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн эдгээрээс хамгийн их бохирдолтой газрыг сонгож, 10 га талбайн хөрсийг саармагжуулах нь. Уг ажлыг итгэмжлэгдсэн лаборатори бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэх бөгөөд нийслэлийн төсвөөс 300 сая төгрөг хуваарилжээ.
Бэлтгэсэн Ж.Наран