Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн зарим гишүүд, албаны бусад хүмүүсийн хамт Боловсрол, шинжлэх ухааны яаманд ажиллаж, батлагдсан удирдамжийн хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, тухайн салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалтын уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцэцэг, холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамт оролцож, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр салбарын хэмжээнд батлан мөрдүүлж байгаа эрх зүйн баримт бичгүүд болон хэрэгжилт үр дүн, тулгамдсан асуудал, цаашид анхаарч сайжруулах асуудлын талаар танилцууллаа.
Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгаалалд сургалтын байгууллагын үүрэг, сургалтын орчны аюулгүй байдал, суралцагчийн эрх үүрэг, хүүхэд хамгааллын зардал санхүүжилт, талуудын оролцоог тусган хэрэгжилтийг хангаж байна.
Хүндэтгэн үзэх шалтгаантай хүүхдийн сургуульд элсэх насыг эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтийг харгалзан уян хатан тогтоох, Суралцагчийн эрүүл мэндийн хяналт, тандалтын цахим бүртгэлийн сан бүрдүүлэх, хичээлээс гадуурх сургалт үйл ажиллагааны болон авьяасыг дэмжих хөтөлбөрийг тусгайлан хэрэгжүүлэх зэрэг зохицуулалтыг БЕХ, СӨБ болон ЕБ-ын тухай хуульд тусгасан.
БСШУ-ны сайдын 2020 оны А/269 тушаалаар цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлого батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-тай уялдуулан шинэчлэхээр төлөвлөж байна. Үүнд:
- Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна.
- Хичээлээс гадуурх хөгжлийн үйлчилгээнд хамрагдалтыг өмнөх оноос 3,8%-иар нэмэгдүүлсэн.
- Байгууллагын болон багшийн ажлыг үнэлэх эрх зүйн баримт бичгүүдэд хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг тусгасан.
- Хүүхдийн хувьсах зардлын бүрэлдэхүүнд “Хүүхэд хамгааллын зардал”-ыг шинээр оруулж, 2024 оноос санхүүжүүлэхээр хуваарилж, зарцуулах аргачлал баталсан.
- Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагаанд өмнөх оноос 19,53%-ийн ахиц гарсан.
- Шинээр батлагдсан хуулиудад эцэг эх, асран хамгаалагчийн үүргийг тодорхой тусгасан байна.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийн зүгээс хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн хэрэгжилтийг сайжруулахад анхан шатанд ажиллаж байгаа багш, албан хаагчдыг чадавхжуулах, хэрэгжилтэд хяналт тавих зайлшгүй хэрэгцээ байгааг онцлон, тухайн салбарт хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зөвлөмж, саналаа өглөө. Тухайлбал:
- Салбарын хэмжээнд Хүүхэд хамгааллын тухай хууль/шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах;
- Тухайн салбарт ажиллаж байгаа нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх, чадавхжуулах;
- Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн 6,7 дугаар тайлан боловсруулах ажилд анхаарал хандуулах
- “Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г үр дүнтэй хэрэгжүүлэх /2024-2025 он/
- Хүүхэд хамгааллын тухай хууль/шинэчилсэн найруулга/-д заасан дүрэм журмыг хамтран боловсруулахад хамтран ажиллахаар боллоо.