Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн танилцуулга уулзалтыг дүүрэг тус бүрээр зохион байгуулж байгаа. Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүд Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд ажиллав.
Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Алдаржавхлан ирэх онд тус дүүрэгт хэрэгжүүлэх 8 онцлох ажлыг танилцууллаа. Яармаг бүс нь Хан-Уул дүүргийн 5,6,7,8-р хороог хамардаг бөгөөд 30,754 хүн амтай.
Сүүлийн жилүүдэд тус дүүрэгт барилгажилт эрс нэмэгдэж, хүн амын тоо өсөх болсон. Үүнтэй холбоотойгоор сургуулийн хүртээмжийн асуудал тулгамдсан асуудал болсон гэлээ. 2022 онд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж чадсан нь иргэдийн өмнө тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэх боломжийг нээсэн гэж иргэд онцолж байлаа.
Хан-Уул дүүрэгт цаашид ч төвлөрөл ихээр үүсэх магадлалтай учир газар зохион байгуулалтад онцгой анхаарал хандуулж, зарим газрыг аж ахуйн нэгжүүдэд олгохоос илүүтэй цэцэрлэг, сургууль барих чиглэлээр бодлого барьж ажиллахыг хүслээ. Мөн Яармаг орчмоос хүүхдээ хотын төв рүү сургуульд зөөдөг айл өрх олон. Багш нарын чадавхжуулснаар энэ урсгалыг зогсоох боломжтой гэж иргэд үзэж байна.
Уулзалтын үеэр иргэд хороодыг нэгтгэж бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байлаа. Засаг захиргааны одоогийн бүтэц төр иргэн хоёрыг холбоход хүндрэлтэй болсон учир дүүргүүдийг 42 нэгжид хуваах бодлогыг зөв гэлээ.