Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан нарын гэм буруутай, эсэхийг гуравдугаар сарын 7-ны 13.30 цагаас эхлэн дөрөв дэхь өдрөө үргэлжилж шийдвэрээ танилцууллаа.
Тодруулбал, Нийслэлийн ПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг СБДЭХАШШүүхээс хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан бөгөөд Шүүхээс Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж 40 сая төгрөгөөр торгох ялаар, З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.