Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийнхөө хүрээнд Баян-Өлгий аймгийн Сайр, Хатуугийн, Говь-Алтайн Хасагтхайрхан, Дарвийн, Увсын Хархираа, Түргэн, Цагаан шувуутын нуруунд туруутан амьтдын тоо толгой, тархац, байршил нутгийн судалгаа хийхээр болжээ.
Ирвэсийн тархац нутагт тооцогддог эдгээр бүсэд дээрх байгууллагынхан таван жилийн өмнө энэ чиглэлийн судалгаа хийж байж. Харин өнөө жил дөрөвдүгээр сараас зургаадугаар сард 2-3 баг бүхий мэргэжлийн судлаачдаар судалгаа, үнэлгээ хийлгэхээр төлөвлөсөн аж. “Уулын эзэн”-ий нутагт туруутан амьтдын тархац, тоо толгойн судалгаа хийснээр ирвэсийн амьдрах орчинд тулгамдаж буй бэрхшээлүүд, тэр дундаа түүнтэй идэш тэжээлийн гинжин хэлхээнд байдаг популяцуудын тогтвортой байдлыг үнэлэх, үүнд тулгуурлан байгаль хамгааллын оновчтой арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой гэнэ.