SITF хэмээх товчлол нэрээрээ дэлхий дахинд танигдсан Сөүлийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 9-12-нд 39 дэх удаагаа БНСУ-д болох тов гарчээ. Уг үзэсгэлэнд манай улсыг төлөөлөн оролцох, Солонгосын зах зээлээс жуулчин хүлээж авдаг аж ахуйн нэгжүүдийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо бүртгэж эхэлсэн байна.
Энэхүү үзэсгэлэн нь цар хүрээ, ач холбогдлоороо дэлхийд эхний гуравт багтдаг аялал жуулчлалын томоохон арга хэмжээ гэнэ. Үүнд өнгөрсөн жил 43 улсын 284 аж ахуйн нэгж, байгууллага оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан бөгөөд ойролцоогоор 52 мянга гаруй зочин, төлөөлөгч оролцжээ.
“Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд аялал жуулчлалыг эрчимтэй сэргээх зорилт тавьж, Азийн орнууд руу чиглэсэн бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлээд буй манай орны хувьд Сөүлийн үзэсгэлэнд оролцох нь том боломж гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдэд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, визийн зөрчилгүй, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гишүүн байх гэсэн шаардлага тавих аж.
Бэлтгэсэн Н.Мишээл