Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан уушгины хорт хавдраар өвчилжээ. Түүний биеийн байдал нь хүндэрч, Монголд эмчлэх аргагүй болсон гэнэ. Тиймээс гадаадын орнуудад эмчлүүлэхийг эмч нар зөвлөжээ. Түүний шавь нар нь нэгдэж, эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ сарын 18-нд хандивын тоглолт хийхээр болсон гэнэ. Тоглолтод хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдангийн бүтээлийг ард түмэнд хүргэсэн уран бүтээлчид оролцох аж. Тухайлбал, Ардын жүжигчин С.Батсүх, Гавьяат жүжигчин У.Далантай, Л.Болдбаатар нар ая дуугаа толилуулах нь. Хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан нь “Бүстийн цэнхэр нуур”, “Ойгон сайхан ижий”, “Дуут нуур”, “Хунт нуур”, “Богд хаан уул”, “Хоёр маргаз уул”, “Би монгол эр хүн” зэрэг монгол түмний сайн мэдэх дууны хөгжмийг зохиосон юм. Тоглолтыг “Миллениум плаза”-гийн зургаан давхарт зохион байгуулна.
А.Тэлмэн