Азийн хөгжлийн банк, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар хамтран хэрэгжүүлж байгаа “Аймаг хотын ус зайлуулах дэд бүтцийн төлөвлөлт, үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах” төслийн хүрээнд өндөр нарийвчлалтай төхөөрөмж буюу LIDER дрон ашиглан үерийн эрсдэлээс сэргийлэх хэмжилт судалгааг Дархан-Уул аймагт хийлээ.
Хоёр сарын хугацаанд хийгдсэн тус хэмжилт судалгааны үр дүнг өнөөдөр талууд хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээг тодорхойлсон юм.
Дархан-Уул аймаг үерийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал, 2021-2023 онд аймгийн хэмжээнд нийт 9 байршилд 5813м урт үерийн даланг 5.5 тэрбум төгрөгөөр сэргээж, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд үер усны аюулд өртөж болзошгүй айл өрхүүдийг эрсдэлээс сэргийлсэн байна. Цаашид байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийг боломжит хэмжээнд урьдчилан тооцоолж, техник технологийн дэвшлийг зөв ашигласнаар эрсдэлийн менежментийг оновчтой үнэлж, удирдах боломжтойг энэ үеэр онцолсон юм.
LIDER дрон нь 15 см орчим өндөр нарийвчлалтай, метр орчим орон зайн нарийвчлалтай том талбайн гадаргуугийн өндрийн зураглал боловсруулдаг, мэдээллийг түргэн шуурхай цуглуулах боломжтой бөгөөд европын 20 орчим оронд өргөн ашиглагддаг байна.