Ерөнхийлөгчийн санаачилсан мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Монголбанк, Монголын банкны холбооны гишүүдийн хамтран байгуулсан “Тэрбум мод” сан энэ онд 15 төсөлд 800 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, нийслэл дэх сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлийн 10 төсөл тус бүрд 30, олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, нөхөн сэргээлтийн таван ажилд 500 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байна.
Төслийг “Тэрбум мод” сангийн техникийн түр хороо буюу мэргэжлийн 20 гаруй гишүүнээс бүрдсэн баг шалгаруулах гэнэ. Ингэхдээ төсөл бүрд техник, эдийн засгийн үнэлгээ хийж, ач холбогдлоор нь эрэмбэлэх аж.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад төсөл бичихэд нь туслалцаа үзүүлэх зорилготой сургалтыг уг сангаас өнгөрсөн даваа гарагт зохион байгуулжээ. Ташрамд дурдахад, банк, санхүүгийн салбарынхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 88.6 сая мод тарихаа амласан бол эл сан 50 саяыг нь ургуулах зорилт тавин ажиллаж байгаа гэнэ.