Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор судлаач, мэргэжилтнүүд ховор амьтдыг тархац нутгийнх нь хүрээнд сэргээн нутагшуулж, олноороо эрсдэлд өртөхөөс хамгаалах хэрэгтэйг сануулж байгаа энэ үед Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан монгол бөхөн түүхэн тархацдаа эргэн идээшиж, идэвхтэй өсөж үржиж буй талаар мэдээлэв. Судлаачид сүүлд хийсэн тооллогоороо Увс аймгийн Завхан, Наранбулаг, Өлгий сумд 464 бөхөн бүртгэсэн нь эл амьтан тухайн бүс нутагт сэргэн нутагшсаны баталгаа, түүхэн үзүүлэлт болж буй гэнэ.
Одоогоос 70 гаруй жилийн өмнө буюу 1950-иад оны үед Увс аймгийн Завхан сумд цөөн тооны бөхөн бүртгэгдсэн ч үүнээс хойших 60 орчим жилд эл амьтан үзэгдээгүй, энэ талаар тодорхой бүртгэл, судалгаа ч байгаагүй аж. Харин 2009 онд Увсын хязгаарт есөн бөхөн нутагшсаныг судлаач, мэргэжилтнүүд баталгаажуулж, олон нийтэд мэдээлж байжээ. Тэгвэл өдгөө эл ховор амьтны тоо толгой 15 жилийн өмнөхөөс 51.5 дахин өсөөд байна. Бөхөн тархац нутгаа тэлж байгаа нь нэг талаараа байгаль, цаг уурын тогтворгүй байдал, бэлчээрийн доройтол, хоол тэжээлийн хомсдол зэрэгтэй шууд холбоотой ч нөгөөтээгүүр, тухайн бүсэд хамгааллын арга хэмжээг тууштай хэрэгжүүлсний үр дүн хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан дүгнэв.