Улаанбаатар хотын шар усны үерийн эрсдэлийг нийслэлийн Онцгой комисс (НОК)-ынхон үнэлсэн байна. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатарт үерийн эрсдэл маш өндөр, бусад дүүрэгт дунд болон бага эрсдэлтэй гэсэн дүн гарчээ. Түүнчлэн нийслэлд нийт 3947 объект шар усны үерт өртөж болзошгүй гэнэ. Тэдгээрийн дотор 1487 айл өрх багтсан байна. Эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хүрээнд тэдгээр айлын заримыг нь нүүлгэн шилжүүлэх, ойролцоох далан, сувгийг нь цэвэрлэх, бэхжүүлэх, халиа, тошин үүсэн газарт тогтсон мөсийг зөөх зэрэг арга хэмжээ авч буйгаа НОК-оос мэдээлсэн. Тухайлбал, 20 аж ахуйн нэгж, байгууллагын 350 ажилтан 235 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 11 091 удаагийн рейсээр 221 820 тонн мөсийг зөөж тээвэрлэсэн гэнэ.