Дарь-Эхийн зам дээр өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны 18.30 цагт шар усны үер орж ирсэн хэмээн нэгэн иргэн бичлэгийн хамтаар фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Айл өрх, аж ахуй нэгжүүд усанд автсан гэсэн дуудлага бүртгэгдээгүй. Харин - 22-ын товчооноос Тахилт руу явах замд шинэ замын нүхэн гарц дотор ачааны автомашин /портер/ усанд суусан тухай дуудлагыг гуравдугаар сарын 13-ны өдрийн 02:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн “Hyundai Porter” загварын ачааны автомашин шар усны усанд суусан байсныг татан гаргасан.
Ер нь шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 1487 өрх байна. халиа тошин, шар усны үерт өртөж болзошгүй, үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэх, шилжин суурьших бүсийг тогтоож өгөх ажлыг зохион байгуулж байгаа" гэв.
Харин БЗД-ийн Онцгой комисс мэдээлэхдээ "Өчигдөр /2024.03.12/ шөнийн 23:09 цагт Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шар усны үерийн нөхцөл үүссэн байж болзошгүй нөхцөл байдал Дарь-Эхийн 29 дүгээр хороо 1 дүгээр хэсэг дунд буудлын зам дээр үүсээд байна гэсэн дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу тус хэлтсийн дарга, дэд хурандаа М.Пүрэвжав, орлогч, ГХУХБайцаагч хошууч Э.Энхбаяр 23 цаг 08 минутад очсон.
Замын хонхор налуу хэсэгт ус хуримтлагдсан, өөр газраас ус ахин урсаж байгаа зүйл байхгүй байсан. Үүссэн нөхцөл байдлыг тус хоёрдугаар хорооны Засаг дарга Б.Хасбаатарын хамт очиж шалгахад дунд Дарь-Эхийн булагт өнгөрсөн оны 11 дүгээр сард боолт хийж хариу арга хэмжээ авсан хэсгээс цаг агаар дулаарсны улмаас шар ус давсан, мөн хоёрдагч хүчин зүйл гудамжны цас мөс хайлж урссан байсан байна.
Дүүргийн Онцгой комиссоос бохир зөөвөрлөх 8 тонны автомашинаар зам дээр үүссэн усыг соруулж, Дунд-Эхийн булгийг ахин хаалт хийж урсацыг өөр газар руу оруулж урсгах арга хэмжээг авч ажиллаа" гэлээ.