Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь 2024 онд шинээр гурван төлбөр авах цэгийг байгуулж, улсын хэмжээнд бүх төлбөр авах цэгийг цахимжуулахаар төлөвлөжээ. Олон улс, олон улсын чанартай 14 891 км авто замын арчлалт, засварын ажлыг зохион байгуулж, хяналтын зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлж ажиллах юм. Харин Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, бүх төрлийн тээврээр 120 сая.тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн.
Авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулсанаар иргэд товчоогоор нэвтрэхдээ бэлэн төлбөр төлөхгүй шууд нэвтэрдэг болсон. Товчоод цахимжихын өмнө төлбөр авах цэг дээр нэг тээврийн хэрэгсэл дунджаар 17.4 секунд зарцуулж, энэ нь зарим үед урт дараалал үүсгэх зэргээр иргэдийг багагүй бухимдуулдаг байсан. Тэгвэл тухайн тээврийн хэрэгслийг камер болон RFID технологи ашиглан бүртгэж нэхэмжлэхийг араас нь илгээх болсноор энэ асуудал бүрэн шийдэгдэж, нэг машин хоёр секундийн дотор товчоогоор гардаг болжээ.