Улсын хэмжээнд 137 сум хог хаягдал тархахаас хамгаалах хашаагүй, 291 сум хог хаягдал шатаах зуухгүй, 113 сум хог хаягдлыг түрж нягтруулах техник хэрэгсэлгүй, 261 сум хог бутлах тоног төхөөрөмжгүй, 76 сум хог тээвэрлэх автомашингүй байна. Эдгээр тоон мэдээлэл нь үндэсний хэмжээнд хог хаягдлын менежментийг хангалттай түвшинд хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн дутагдалтайг харуулна. Тиймээс хог хаягдлын менежментийг сайжруулах асуудал салбарын толгойны өвчин болжээ. Мөн салбарын уялдаа холбоог хангах, олон улсын сайн туршлагыг танилцуулах, аймаг, сумын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "Хог биш хог" цахим зөвлөгөөнийг гуравдугаар сарын 15-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус зөвлөгөөнийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос санаачлан салбарын болон олон нийтийн төлөөлөл бүхий 200-250 мэргэжилтнийг хамруулах юм.