Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл тэргүүтэй газрын дарга, мэргэжилтнүүдийн төлөөлөл өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж, албан хаагчидтай уулзлаа. Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн системийн үйл ажиллагааг танилцуулан, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээлэл өгөв. Тус байгууллага хуулийн хэрэгжилтийг хангах, иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх, нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй ажил, үйлчилгээ үзүүлэх цахим шилжилт хийжээ.
Энэ хүрээнд виз зөвшөөрлийн 13 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, 2021 оноос хойш нийт 210 мянган иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Ингэснээр өдөрт дунджаар 240-520 иргэн биечлэн ирж үйлчлүүлдэг байсан нь 5-8 болж буурч, 100-150 хүсэлтийг цаасаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлтийн тоо нэмэгджээ. Мөн үйлчилгээний хүсэлтийг 5-10 хоногт шийдвэрлэдэг байсныг 3 хүртэл хоногт багтаан богино хугацаанд шийдвэрлэж байна. Үйлчилгээ бүрэн цахимжсанаар ирж очиход зарцуулдаг байсан 3-4 цагийг хэмнэж, ердөө 30 минутын дотор хүсэлтээ илгээх боломжтой болсон бөгөөд хүсэлтээ хянаж, шийдвэрлэлтийн мэдээллийг мөн л цахимаар хүлээн авдаг болсон.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх, цахимаар үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн чухал зохицуулалтуудыг тусгажээ. Тухайлбал, визийн ангиллыг төрөлжүүлж нэмэгдүүлэх, виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бий болгох, цахим виз олгох, визийн хүчинтэй хугацааг уртасгах, цахим үйлчилгээний системийг шинэчлэх; оршин суух зөвшөөрлийн лавлагааг цахимаар авах; визийн мэдүүлгийн хуудсыг цахимаар бөглүүлэх; Immigration.gov.mn цахим сайт таван хэлний сонголттойгоор үйлчлэх боломж, нөхцөлийг бүрдүүлсэн.
2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс цахим визийн evisa.mn cистемийг ашиглалтад оруулж, Жуулчин /K2/, Соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, Дамжин өнгөрөх зорчигч /K6/ гэсэн гурван ангиллын визийг дэлхийн хаанаас ч мэдүүлэх боломжтой болжээ. Өнгөрсөн онд 82 улсын 31 мянган иргэнд цахимаар виз олгож, нийт 4,4 тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлжээ.