Боловсролын салбарын хувьсах зардлын аргачлалыг шинэчилжээ. Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 2-ны 91 дүгээр тогтоолын дагуу өмнө нь нэг сурагчид ногдох хувьсах зардлыг цэцэрлэг, бага, дунд, ахлах анги гэсэн дөрвөн түвшинд хувааж, 910 000-1 020 000 төгрөгөөр тооцон сургууль, цэцэрлэгүүдэд олгодог байж. Тэгвэл дээрх дүнг 1.6-2.5 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлснээ Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өчигдөр мэдээлсэн юм. Ингэхдээ зардлын хэмжээг анги бүрээр нь ялгаатай тогтоосон аж. “Хувьсах зардлын аргачлалыг шинэчилж, өртгийг нэмэгдүүлснээр сурлагын амжилтаа ахиулах суурь нөхцөл бүрдэнэ.
Өмнө нь эдийн засгийн ангиллын дагуу хувьсах зардлыг тогтоодог байсан. Тэгвэл одоо зориулалт, арга хэмжээгээр нь долоон багцад ангилан хуваарилахаар боллоо. Ингэснээр сургууль, цэцэрлэгүүд санхүүгийн хагас бие даасан тогтолцоонд шилжиж байгаа юм. Хувьсах зардал нь багшийн цалин, сургалтын хэрэглэгдэхүүн, тасралтгүй хөгжил, цахим хэрэглээ, тоног төхөөрөмж, хүүхэд хамгаалал, эрүүл мэндийг дэмжих зардал гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байна” гэж БШУЯ-наас мэдээлэв. Хувьсах зардлын хэмжээг хэрхэн өөрчилснийг графикт үзүүллээ.
Бэлтгэсэн: М.Оч