Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгааг тэмдэглэв.
Өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Их удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн ой тохиосныг онцолж, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв.
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо уулзалтын эхэнд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын-ы мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа. Мөн уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улс халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийллээ.
БНАСАУ-ын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааны уламжлалаа үргэлжлүүлж, хоёр улсын ард түмний эрх ашиг, шинэ эрин үеийн нөхцөл байдалд нийцүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа онцлов.
Талууд цар тахлын дараах харилцааг сэргээж, боловсрол, соёл, урлаг, спорт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.